ХОНКОНГ. /TASS/. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам эсэргүүцлийн ажиллагаанд автсан хотын байдлыг хэвийн болгохын тулд оюутнуудтай уулзахаар төлөвлөж байгаа тухай “Reuters” агентлаг түүний албан ёсны төлөөлөгчийн мэдэгдлээс иш татан уламжилжээ.


“Засаг захиргааны тэргүүн хүн амын янз бүрийн давхаргын залуусыг, тэр дундаа оюутнууд болон саяхан болсон эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдыг яриа хэлэлцээний ширээний ард суухыг саяхнаас урьж эхэлсэн” гэж Ламын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Түүний хэлснээр, “уулзалтыг үзэгч, сонсогчдод зориулсан камер бүхий танхимд хаалттай зохион байгуулахаар” төлөвлөсөн байна.


Хонконгийн найман томоохон их сургуулийн нэг болох Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутны холбоо уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. “Хэлэлцүүлэг Хонконгийн бүх оршин суугчид нээлттэй байх ёстой, бүх хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байх ёстой” гэж тус их сургуулийн оюутны холбоо “Facebook” дэх албан ёсны хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.  


Эх сурвалж: Монцамэ агентлаг