Ватикан улсын төрийн тэргүүн, Дэлхийн католик шашинтнуудын тэргүүн Пап Францис энэ сарын нэгнээс дөрөвний хооронд Монгол улсад айлчлаад буцлаа. Дэлхий нийтийн анхаарлыг татсан энэ айлчлал улс төр болон нийгмийн олон талын ач холбогдол, үр дүн бүхий айлчлал болсон гэдгийг судлаачид онцолж байна. Энэ айлчлалын талаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаатай ярилцлаа.

- Та судлаачийн хувьд Пап францисын Монголд хийсэн айлчлалын гол үр дүн, ач холбогдлыг юу гэж дүгнэж байна вэ?

-Ромын Пап гэдэг хүн чинь дэлхийн олон шашинтнууд дотроо Христийн Католик урсгал чиглэлийн тэргүүн. Нөгөө талаасаа Ватикан гэдэг жижигхэн хот улсын төрийн тэргүүн. 

Монгол Улсад ерөнхийдөө төрийн айлчлал хийчихлээ гэж харж байна. Монгол Улсын төрийн тэргүүний урилгаар ирж байгаа учраас энэ бол төрийн айлчлал юм.

Хоёрдугаарт, энэ бол яах аргагүй христийн шашин дотроо хамгийн том, олон дагагчтай, сүсэгтнүүдтэй католик урсгалын шашны тэргүүн учраас айлчлал нь шашны агуулга, хэлбэртэй байлаа гэж харж байгаа юм. 

Нэн тэргүүнд Монгол улсыг ардчилсан улс юм байна аа гэдгийг Папын айлчлал гадаад ертөнцөд таниулчих шиг боллоо. 

Монгол Улс нь хүн ам цөөн, газар нутаг нь том, байгалийн баялаг ихтэй, хоёр том хөрштэй ч  энэ улсын ард түмэн нь ямар ч гэсэн эрх чөлөөтэй, ардчилсан тогтолцоотой, ийм үнэт зүйлс, зарчимтай, шашин шүтэх эрх, эрх чөлөө нь хангагдсан, уламжлалт бурханы шашин зонхилсон ийм улс байна гэдгийг дэлхий нийтэд өнгөрсөн хэд хоногийн айлчлал харуулчихав уу даа.

Эх сурвалж: President.mn

Эх сурвалж: President.mn

Дараагийн нэг ач холбогдол нь дэлхийн хэмжээний улс төр, геополитикийн томоохон агуулгатай айлчлал боллоо гэж би судлаач хүний хувьд харж байна.

Яагаад тэгж байна гэхээр үе үеийн Ромын папын сонирхол манай хойд хөрш ОХУ-д айлчлах, мөн бидний урд хөрш БНХАУ-д айлчлах байдаг. Яагаад гэхээр манай хоёр хөршид хоёуланд нь  тодорхой хэмжээний католик шашинтнууд бий. Католик шашинтны тэргүүн хаана ч байсан сүсэгтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалж дуугарах ёстой. Пап өөрөө энэ хоёр улсад айлчлах боломжгүй учраас их тодорхой мессэжийг манай хоёр хөршид дамжуулаад хэлчих шиг боллоо.

Урд хөрш ч гэсэн өөрийнхөө агаарын хил дээгүүр нисэж өнгөрөөд Монгол улсад нэвтрэх зөвшөөрлийг өгч байна гэдэг чинь бас нэг юм байна. Папын институц бол нэг талаасаа шашны, нөгөө талаасаа Ватикан гэж энэ жижигхэн хот улсын төр засаг. Тэгэхээр Ватикан манай хоёр хөршийн аль алинтай нь дипломат шугамаар холбоотой ажиллаж буй. Тэгэхээр энэ бол геополитикийн шинжтэй хоёр дахь ач холбогдол нь болчихов уу гэсэн нэг зүйл харагдаж байна. 

- Тодруулбал, Пап лам манай хоёр хөршид яг ямар мессэж дамжуулж хэлсэн гэж та үзэж байна вэ? 


- Монголчуудын хоёр хөрштэй байгаагийн давуу тал, онцлог нь юу юм бэ гэхээр энэ хоёроосоо ялгаатай байх, өөр байх, тэгээд өөрийнхөө замаар хөгжих гэж нэг чухал ойлголт байна шүү дээ. 

Өрөөлийн зааснаар, хэлснээр биш өөрийнхөөрөө хөгжих гэдэг их чухал. Энэ замаар явахад Монголд хоёр том тулгуур хүчин зүйл байна уу гэж судлаач хүний хувьд хардаг. 

Нэг нь Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөө, ардчилалтай холбоотой суурь зарчим, үнэт зүйлс, сэтгэлгээний эрх чөлөө энэ бүхэн. Үүн дээр суурилсан улс төрийн тогтолцоо нь тусгаар байх, бие даасан байх, бусдын эрхэнд орохгүй байх, өөрийнхөөрөө хөгжих ёстой. 

Тэгэхээр хоёр хөршөөсөө ялгарах энэ арга зам, үнэт зүйлс нь бид нарт байгаа юм. Манай хоёр хөршид байхгүй юм бид нарт байна аа л гэсэн үг. Тийм учраас Ромын папын манай хоёр хөршид өгсөн мессэж нэг тийм хандлагатай. 

Та хоёрын дунд байгаа энэ жижигхэн Монгол чинь Ардчилсан, бас энэ жижигхэн Монгол Улсын иргэд эрх чөлөөтэй байна шүү гээд л. Бас би танай хоёр улсад дараа дараагийн айлчлалаараа очиход бэлэн шүү гэсэн сүрхий мессэж өгчихөв үү дээ гэж харж байна.

- Улс төрийн хувьд ийм айлчлал болж. Тэгвэл шашны хувьд дэлхийн нийтэд ямар мессэж өгсөн бол?

- Энэ айлчлалын гурав дахь ач холбогдол нь мэдээж хэрэг өвөрмөц түүх, шашин, соёл, уламжлал, үнэт зүйлс, амьдрах арга ухаантай Монголчуудыг дэлхийд, ялангуяа Христийн шашинтнуудад таниулахад чухал айлчлал боллоо. Хэдийгээр манай улсад байгаа Католик шашинтнуудын тоо харьцангуй цөөн ч /1500-2000/ аливаа шашин энх тайванч агуулга, хандлагатайгаар зэрэгцэн орших ёстой юм байна. 

Нөгөөтэйгүүр ингэж оршихын зэрэгцээ Монгол Улсад бурханы шашин зонхилдог ч цөөнхийн шашин шүтлэгийг зайлшгүй хүндэтгэх ёстой. 

Мөн олонхын шүтдэг бурханы шашныг цөөнх нь хүндэтгэх ёстой. Ийм харилцан ойлголцол чухал юм байна аа гэдгийг энэ шашин хоорондын яриа хэлэлцээр тод харуулчихав уу даа гэсэн ийм ойлголттой үлдэж байна.  

Эх сурвалж:Vatican News

- Монголчууд заримдаа бие биенийхээ шашин шүтлэгэд их хүндэтгэлгүй хандаж буй нь анзаарагддаг. Харин Пап францисын айлчлалын үеэр өөр өөр шашны төлөөллүүд цуглаад дэлхийн энх тайван, эв нэгдлийн тухай ярьж, хэлэлцэж болдог юм байна гэдгийг анзаарсан болов уу гэж найдаж байна. Та юу гэж харав?

- Тийм ээ, энэ их чухал. Ер нь дэлхийн нэг, хоёрдугаар дайны дараа хүйтэн дайны үед ч гэсэн шашин шүтлэгийг аливаа том гүрэн улс төрийнхөө бодлогод ашиглах, бас хүний эрх, эрх чөлөө, энх тайванч, дайн тулаангүй, зөрчилгүй оршин тогтнох, зэрэгцэн орших ийм зарчмуудыг нэлээд ярьсан байдаг. Энэ бол айлчлалын нэг онцлог нь гэж хэлж болно. Та бас соргог харсан байна. 

Яагаад вэ гэхээр Украйны дайн эхлээд жил хагасаас илүү болчихлоо. Зүүн Европ ерөөсөө л нэг түгшүүртэй, дайны байдалтай, олон зуун мянган хүн амь үрэгдсэн, шархадсан, байшин барилга нурсан, эдийн засгийн хохирол ч их байна. 

Дайнаас үүдсэн эдгээр асуудлыг эв зүйгээр зогсооход шашны үр нөлөө их юм байна гэдгийг харуулчихлаа. Монголчууд ч гэсэн эндээс олон зүйлийг анзаарч, ойлгосон болов уу гэж найдаж байна.

- Пап францис айлчлалынхаа үеэр Монголчуудад хандаж үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс Монгол гэрийн тухай хэсэг нь хүмүүст их хүрч, биднийг өөрсдийнхөө уламжлалт ахуйг эргэн харах, бодох дохио өглөө гэж харж байна. Мөн авлигын асуудал, улс орны хөгжил цэцэглэлт зэрэгтэй холбоотой олон мессэж, санаа хэллээ. Үүнээс та юуг нь онцлох вэ?

- Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аливаа шашны тэргүүнүүд айлчлалынхаа үеэр заавал ёс зүй, ёс суртахуунтай холбоотой зүйл хэлдэг шүү дээ. Зайлшгүй хэлдэг. Дээрхийн гэгээн 14-р далай лам Монгол Улсад есөн удаа айлчилсан. Ирэх бүртээ л  нэг үг хэлж байсан. Ромын папын үгнээс миний хувьд хоёр гурван мессэж анзаарлаа. Нэгт, авлига гэдэг айхтар юм бол хүнийг ч тэр, улс орныг ч тэр хөгжлөөс нь хойш татах хамгийн том хүчин зүйл гэлээ. Манай улстөрчид үүнийг их сайн анхаарч буй гэж найдаж байна. 

Тэр Монгол гэр гэж яриад буй зүйл чинь ердөөсөө л амьдрах хэв маягийн асуудал шүү дээ. Байгаль орчиндоо ээлтэй, аль болох хойч үедээ хор хөнөөл учруулахгүй ийм арга хэлбэрээр амьдраачээ гэдгийг л Монголчуудын жишээгээр хэлчихэв үү дээ гэж харж байна. 

Гурав дахь нь нийгмийн хөгжил, хүний хөгжил гэдэг чинь зөвхөн нэг байшин барилга, машин тэрэг ийм юм биш шүү. Ялангуяа хүн гэдэг амьтан чинь өөрөө их өвөрмөц, нэг талаасаа байгалийн, нөгөө талаасаа нийгмийн бас дээрээс нь маш нарийн түвшний ухамсарт амьтан учраас  энэ хүний хөгжил гэдэг зүйлийг ганцхан эдийн засаг, технологиор битгий хараарай гэдэг мессэж өгчихлөө.

Эх сурвалж:Vatican News

Улс орныг цааш нь авч явах залуучууд үүнийг их сайн ойлгож авах хэрэгтэй.

Хүний хөгжил гэдэг чинь зөвхөн технологийн хөгжлөөс гадна эрүүл байх, оюун ухаан нь саруул байх, сэтгэл зүйн хувьд амар амгалан байхыг хэлнэ.  Тэгээд энэ нь гэр бүлдээ, ажлын хамт олондоо, нийгэмдээ нөлөөлж буй үйл явцыг л нийгмийн хөгжил гэж хэлж байгаа юм шүү дээ. Түүнээс биш хүн асар их технологи эзэмшээд дараа нь яах вэ, асар их баялаг хураагаад дараа нь яах вэ? 

Хөгжил гэдгийг хүний төлөө, нийгмийн сайн сайхны төлөө гэж арай өөрөөр хараарай гэсэн чухал мессэж өгчихөв үү гэж харж байна.

- Ярилцсанд баярлалаа.