УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "УИХ-д хэт олон буюу 65 суудалтай МАН Засгийн эрхийг барьж буй хуулийн хугацаа дуусахад найман сарын хугацаа үлдлээ. Өнгөрсөн хугацаанд улс орны хөгжил, ард түмний аж амьдралд юу авчирсныг дүгнэж цэгнэх хариуцлагатай сүүлийн чуулган болж буйгаараа энэ чуулган онцлогтой. 

Эрх баригчид эхнээсээ УИХ-ын индерийг ашиглан өөрсдийгөө магтан дуулах, олон нийтэд таалагдах тархи угаалтыг өргөн цар хүрээтэй явуулж байгаа нь харагдаж байна. 

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлтэй холбогдуулж эрх баригчдын зүгээс тайлбарлаж буй зүйл дээр асууя. Монгол Улсын нэгдсэн төсөв 2018 онд 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан тухай ам мэдэн өөрсдийгөө магтаж байгаа. Манай улсын мөнгөний хэтэвч дотроо мөнгөтэй үлдэнэ гэдэг хэнд ч тааламжтай сонсогдох нь аргагүй. Гэхдээ Сангийн сайд магтан дуулж, УИХ-ын гишүүд уулга алдан, түрлэг өргөж буй энэ үзүүлэлт тайлан нь цаасан дээр гаргасан ашгийн зөрүү болохоос бодитой гарсан ашиг биш болох нь Үндэсний аудитын газрын тайлангаас тодорхой харагдаж байна. 

Уг тайлангийн 12 дугаар хуудаст 2.3.3 гэсэн заалтыг анхааралтай уншихад Засгийн газар 2018 онд төсвийн алдагдлаа гадаадаас нэг их наяд 275 тэрбум 500 сая төгрөгтэй тэнцэх валютын зээл авч нөхсөн тухай бичсэн байна. 

2018 он манай улсын зах зээлд таатай жил байсан. Тэгэхэд яагаад ийм хэмжээний зээл авсан юм бэ. Бараг хоёр их наяд төгрөгийн төсвийн алдагдал төлсөн хэдий ч төсвийн орлого төлөвлөснөөс хоёр их наяд гаруй төгрөгөөр давж биелсэн. Төсвийн зарлагыг төлөвлөснөөс 700 гаруй төгрөгийн тэрбум төгрөгөөр хэмнэсэн байхад валютын зээл авч төсвийн алдагдлыг нөхсөн, улмаар улсын гадаад өрийг нэмэгдүүлснийг ноцтой алдаа гэж үзэхээс өөр аргагүй байна" хэмээлээ.