Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газар 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэхтэй холбоотойгоор 267 тэрбум төгрөгийг тусгуулсан. МҮЭ-ийн холбоо, ажиллагч эздийн холбоод 2019 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэх төсөв тусгуулна, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмнэ гэсэн хамтарсан нэмэлт хэлэлцээр байгуулсан. 

Эдгээртэй уялдуулан Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргаж байна. Энэ нь эдийн засагт гарч буй өсөлттэй шууд холбоотой. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлснээр төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хүртээмжтэй, чанартай, шуурхай хүргэхэд ахиц болно гэж үзэж байна. 

2019 онд төрийн албан хаагчлын цалинг нэмэгдүүлэхдээ дараах хэд хэдэн зарчмыг баримталж байна. 

1. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 191 мянган төрийн албан хаагчийн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмж байна. 

Тодруулбал, инфляфийн түвшин одоо 8.1 хувьтай байгаа учраас энэ сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх шийдвэр гаргаж байна.

2. 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс багш, эмч нараас бага цалинтай төрийн албан хаагчлын цалинг 8 хувиар нэмж олгож эхэлсэн. Энэ нэмэгдэлд ороогүй 17.2 мянган төрийн албан хаагчийн цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмж буй нэмэгдэл дээр нь нөхөж 8 хувиар нэмж байна. 

Өөрөөр хэлбэл, 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс цалин нь нэмэгдээгүй төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс 16 хувиар нэмж байна. Ингэснээр цалин нэмэгдлийн зөрүүг арилгаж байна.

3. 2014 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ эрүүл мэнд, боловсролын салбарынхны хооронд цалингийн зөрүү гаргасан гэсэн асуудал байнга яригддаг. Энэ цалингийн зөрүүг арилгах үүднээс боловсроын салбарт ажиллагсдын цалинг энэ сарын 1-нээс 8 хувь дээр нь дахин 4.3 хувийг нэмж зөрүүг нь арилгаж байна. 

Өөрөөр хэлбэл боловсролын салбарт ажиллагсдын цалин 12.3 хувиар нэмэгдэж байна.

4. 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс цалин нэмэхдээ бага анги, цэцэрлэгийн багш, сувилагч нарын ангилал зэрэглэлийг шинэчилэх арга хэмжээ авсан.  Тэгвэл энэ сарын 1-нээс ажлын байрны судалгааг үндэслэн мөн ажлын байрны ангилал зэрэглэлийг шинэчилэх арга хэмжээ авсан.

Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэндийн салбарт инфляфийн түвшинтэй уялдуулж цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 8 хувиар нэмэгдэж байна. Үүн дээр ангилал зэрэглэлийг нь шинэчилж буйтай холбоотойгоор багш, эмч нарын цалин энэ сарын 1-нээс нийт 20 хувиар нэмэгдэж байна.

2018 оны жилийн эцсийн байдлаар төрийн албан хаагчдын дундаж цалин 804 мянган төгрөг байсан бол ингэж цалин нэмэх арга хэмжээ авснаар 916 мянган төгрөг болж байна.

Энэ нь 2016 онтой харьцуулахад 21.6 хувиар нэмэгдэж байна" гэдгийг онцоллоо.