“Долоо хоногт гурван удаа “Цагийн хүрд”-ийг дохионы хэлээр тайлбарладаг. Дэлгэцийн буланд жаахан харагддаг болохоор хүмүүс анзаардаггүй болов уу  гэсэн чинь олон хүн таньдаг юм билээ” хэмээн инээмсэглэн ярьж байгаа энэ бүсгүйг С.Бямбадэлгэр гэдэг. Дохионы хэлийг сонсголын бэршээлтэй хүмүүст байтугай энгийн хүмүүст ч ойлгомжтой тайлбарладгаар нь хүмүүс андахгүй. Амьдралд хайртай, өөдрөг үзэлтэй, аав ээжийнхээ тусч сайхан сэтгэлийг өвлөсөн түүний яриа хүн чанар,амьдралын тухай олон зүйлийг ойлгуулж, эргэцүүлэх сэдлийг төрүүлэх болов уу. Тэрбээр Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвд дохионы хэлний сургагч багш, судлаачаар ажилладаг.


-Таныг огт өөр мэргэжилтэй гэж сонссон. Ер нь яаж яваад дохионы хэлтэй холбогдсон юм бэ, түүхээсээ хуваалцаач?

-Хүнд бурхнаас өгөгдсөн хувь тавилан, хийх ёстой ажил гэж байдаг гэдэгт би итгэдэг. Би хэзээ ч дохионы хэл сурч, энэ чиглэлээр ажиллана гэж бодоогүй. Оюутан байхад сургуулийн маань доор гар урлал хийдэгсонсголын бэрхшээлтэй хүмүүсийг анх харсан. Ямар гоё зүйл хийдэг юм бэ, яаж ойлголцдог юм бол гэсэн хүүхдийн гэнэн зангаар тэднийг сониучирхан харж байлаа. Тэр болтол ийм хүмүүстэй уулзаж байгаагүй юм. Ингээд тэд нарын  дотор ороод 7-хон хоногийн дотор л ойлголцдог болчихсон. Тэдэнтэй найз болчихсон болохоор автобусанд хамт явах гээд нэгнээ тарахыг хүлээдэг байж билээ. Уг нь оёдлын мэргэжилтэй хүн шүү дээ. Их сургуульд орохгүй гэж гэрийнхэнээсээ тас зөрж энэ мэргэжлийг эзэмшсэн. Одоо ч оёж шидэх дуртай хэвээрээ. Гэрээрээ нандин гипт гээд нярай хүүхдийн толгойн гоёл, энгэрийн зүүлт урладаг.

-Тухайн үед сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд найзалж байна гэж зэмлүүлж байв уу?

-Зарим хүмүүсээс тиймэрхүү хандлагыг мэдэрч л байсан. Харин гэр бүлийнхэн маань ойлгодог дэмждэг. Тэнд би ханьтайгаа учирсан. 

-Ханийнхаа тухай ярьж болох уу?

-Хань минь царайлаг сайхан залуу байсан. Бид хоёрыг автобусанд суугаад дохионы хэлээр ярьж байгааг хараад хүмүүс “Ямар хөөрхөн хосууд вэ”, “Сонсдоггүй нь ямар хэцүү юм бэ”, “Зайлуул юу ярьдаг юм бол доо” гэцгээнэ. Тэр сонссон болгоноо нөхөртөө ярьж өгч бид хоёр инээлдэцгээдэг сэн. Би ханьдаа хөгжмийн эгшгийг хүртэл орчуулж өгдөг байсан. Төрөлхийн сонсголгүй ч сонсдог байсан гэдэгт нь би итгэдэг. Хань минь намайг энэ нийгэмд бэлэг болгож өгсөн гэж боддог юм. 

-Та нарын гэрлэлт ямар нэгэн эсэргүүцэлтэй тулсан уу?

-Аав ээж хоёр маань ерөөсөө эсэргүүцээгүй. Хадмууд маань үерхээд 2-3 хоногийн дараа л шууд хадаг бариад манайд ороод ирсэн дээ. Нэг байрны зэргэлдээ орцны айлууд болохоор манайхыг ч сайн мэднэ. Аав ээж  маань “Хүний мууд хань болох шиг хишиг буян гэж юу байхав” гээд шууд зөвшөөрчихөж билээ. Энд нэрийг нь дурьдахгүй байж болохгүй хүн бол хадам ах Төртогтох маань. Амьдралын хүнд хэцүү үед түшиг тулгуур болж тусалж дэмжсэн учраас хүүхдүүд маань мартдаггүй. Энэ ахдаа танай сайтаар дамжуулаад баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна. Наанаа хэлэхгүй ч гэсэн бидэнд үргэлж сайн сайхныг хүсдэг хүн. 


-Алим модноосоо хол унадаггүй гэдэг дээ. Аав ээжийнхээ тухай ярихгүй юу?

-Аав коллежийн оюутнуудад хичээл заадаг болохоор шавь нар нь үргэлж манайхаар ирнэ. Бүр 2-3-аараа манайд сууцгаадаг сан. Ээж түүртэх нь битгий хэл ирэхэд тус тусад нь ор хөнжлийн даавуу оёж өгч байсан. Том болсон хойноо юмны учир ойлгохгүй, энэ байдалд түүртэхэд аав маань надад “Аав нь багш, ээж нь эмч, бид нар чинь сайд нараас ч өндөр цалин авдаг баян хүмүүс байхгүй юу. Мөнгийг ямар идэх биш, байгаагаа хуваалцаж л байж хүн сайхан, сэтгэл дүүрэн амьдарна” гэж хэлж байж билээ

Би том хүүхдээ гаргачихсан байхад аав маань өвдөж эхэлсэн. Ар гэрийн ажилдаа би түүртээд нэг хэсэг очиж чадаагүй. Нэг удаа очтол аав минь өмсч байсан савхин дээлийг минь илж, зүүсэн бөгж рүү минь хараад “Хүний амьдралын утга учир энэ зүүж байгаа бөгжинд эсвэл савхин дээлэнд байдаггүй юм. Хүнийг хайрлаж хайрлуулж л амьдрах ёстой. Миний охин хүнийг хайрлах ёстой шүү” гэж хэлсэн. Өөрөө өвдөж байгаа хэрнээ хүнийг хайрлахыг захиж л байж. Цаанаа намайг удаж байгаад ирсэнд гоморхсон болов уу гэж боддог. Одоо ч гэсэн аавыгаа олигтойхон асарч тойлж чадаагүйдээ харамсдаг. (нулимс унагав) Өвлийн хүйтэнд нэхий дээлээ хүртэл хүнд тайлж өгөөд хавар намрын хүрэм өмсөөд ороод ирдэг ямар ч уужим, сайхан сэтгэлтэн байсан юм бэ дээ аав минь. Эцэг эхийнхээ энэ сайхан сэтгэлийн хүчийг өвлөсөн болохоор би сонсголын бэрхшээлтэй хүмүүс, сонсголтой хүмүүсийн дунд гүүр болж яваа гэж боддог.


-Супер Бямбаа нэрийг асуухгүй өнгөрч болохгүй байх аа?

-”Ийгл” телевизийнхэн маань надад хайрласан нэр юм аа. Анх ”Ийгл” байгуулагдаж байхад би жирийн л дохионы хэлний орчуулагчаар орсон. Гэхдээ ажлынхаа хажуугаар хэнд хаана миний хэрэг гарна, түүнд туслаад л явж байсан. Нэг мэдсэн америк захирал маань “Супер Бямбаа” гэж нэрлэчихсэн. Юм бүхнийг мэдэхгүй ч гэсэн болгохын төлөө гүйдэг байсан болохоор тэр биз.  Сэтгүүл зүй мэдэхгүй ч гэсэн найруулагчдаа ийм санаа байна гээд дэврүүн сэтгэлээр хэлэхээр хийгээд үз л гэдэг байсан. Тэнд би зохион байгуулалттай байхыг юмны донжийг олж харж сурсан.


-Дохионы хэлний тайлбарлагч нараас та яах аргагүй нийгэмдээ танигдаж чадсан. Дохионы хэл орчуулагсаасаа хэр их чадвар шаарддаг вэ?

-Дохионы хэлний онцлог нь нүдний ой тогтоолтоор цээжлээд толгойндоо боловсруулж буцаад бүх мэдэрхүйгээ ашиглаж илэрхийлдэг. Намайг ярьж байхад миний бүх зүйл илэрхийлж, хөлийн хуруу хүртэл хөдөлж байж утга амилж байдаг юм.


-Та хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шүүх цагдаагаар явахад хэлмэрчилж тусалдаг. Тэд ер нь юун дээр алдаад байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй хууль эрх зүйн мэргэжлээр сурсан хүмүүс хүртэл шүүх цагдаагийн асуудалтай холбогддог шүү дээ. Тэд маань өөрсдөө муу муухайг сэдэж санаачлаад хийгээд байдаггүй, маш итгэмтгий гэнэн байдлаасаа болж бусдын гар хөл болж ашиглагдан гэмт хэрэгт холбогдох нь бий. 


ХҮМҮҮС НЭГЭНДЭЭ ЯМАР ГОЁ СЭТГЭЛИЙН НАНДИН ЗҮЙЛ

 БЭЛЭГЛЭДЭГ ГЭДГИЙГ МЭДЭРДЭГ, БИ АЗТАЙ


-Дууг орчуулж байгааг тань харахад чин сэтгэл мэдрэгддэг. Таныг хөглөж, урам зориг өгч байдаг зүйл тань юу вэ?

-Би өөрөө урлагт хайртай, дуунд дуртай хүн. Дууны үгийг сонсоод нүдэндээ харж байгаа юм шиг дохидог, миний ажлын онцлог энэ. Зарим дууг сонсохоор энэ дууг л хүмүүстээ ойлгуулах юм сан, хүргэх юм сан гэж боддог. Энд тэндэхийн арга хэмжээнд миний дохиж байгааг гар утсаар бичээд сошиалд тавьчихдаг юм билээ. Түүнийг харсан сонсголгүй залуучууд надтай уулзахдаа нүдэнд нь нулимс цийлэгнэн гарыг минь атгаад баярлалаа, таны дууг 50-60 удаа сонссон. Амьдрал ийм гоё юм уу гээд хэлэхээр би өөрийн эрхгүй огшоод тэр дууг олонд хүргэсэндээ баярлаж бахархдаг. Энэ эрч хүчээр л өөрийгөө хөглөдөг.

Хүн аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, бусдыг хайрладаг, бусдаас хайр авч амьдрах ёстой гэж боддог. Тийм учраас хүмүүс хандлага сэтгэлгээгээ өөрчилж, нэг нэгэнтэйгээ сайхан харилцаж, хайрлаж хүндэлдэг байгаасай, хайраа харамгүй зориулаасай гэж боддог. Эргээд тэр их хайрыг дааж чаддаг байх нь хамгийн чухал юм.

-Дахиад дуу гаргах уу?

-Би өөрөө ерөөсөө дуу гаргаж байгаагүй.Нэг удаа гавьяат жүжигчин Ж.Төмөрхуяг гуайн хүү Учрал надад “Аавын минь дууг хүн болгон сонсоосой. Та дохионы хэлээр орчуулаад өгөөч” гэхээр дуртай зөвшөөрөлгүй яахав. Гэтэл тэр дуу маш олон хүнд хүрсэн юм билээ. Жирийн сонсголтой хүмүүс хүртэл “Таныг дохисны дараа энэ дууны утга агуулгыг нь бүрэн ойлгож мэдэрсэн” гэж байсан. Магадгүй хүмүүс надад хандаад өөрсдийнхөө дууг дохиотой болгоё гэвэл бололгүй яахав. Ямар ч мөнгө төгрөггүй сайн дурын ажил шүү дээ.


-Хөгжмийг тэд яаж мэдэрдэг юм бол?

-Тэднийг сонсдоггүй, хөгжмийг мэдэрдэггүй гэж хүмүүс боддог. Харин тэд маань дохионы хэлээр хөгжмийг ньюанс, хэмнэлийг хуруу гарын хөдөлгөөнөөр мэдэрч сонсдог байхгүй юу. Сүүлд Lead гээд шилдэг залуучуудын арга хэмжээнд ямар ч сонсголгүй Дуламбат гээд охиныг миний дохиж байгааг хараад бүжиглэхэд оролцогчид гайхаж байсан. Тэнд оролцсон залуус сонсголын бэрхшээлтэй хүмүүст хандах хандлага эрч өөрчлөгдсөн. Би азтай хүн шүү, энэ бүхнийг хараад нийгэм ямар олон гоё өнгөөс бүтдэгийг, хүмүүс нэгэндээ ямар гоё зүйл бэлэглэдэг гэдгийг харж мэдэрдэг. 

-Нийгмийн сүлжээ сонсголын бэрхшээлтэй хүмүүст бас боломж олгож байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Тийм шүү. Нийгмийн сүлжээгээр дамжуулж мэдээлэл авах боломж нээлтэй болсонд олзуурхдаг. Гэхдээ тэд бидний боддог шиг мэдээлэлгүй хүмүүс биш. Бас нэг сонирхолтой зүйл бий.Эрт дээр үед өртөө буухиагаар мэдээллийг хүргэдэг байсан шүү дээ. Үүн шиг сошиал сүлжээ гарахаас өмнө сонсголын бэрхшээлтэй хүмүүс мэдээллийг нэгэндээ очиж ярьдаг учраас гайхмаар хурдан тархдаг. Хаа байсан баруун хязгаарт хүртэл мэдээлэл нь хүрчихдэг байсан. Бид нар шиг сонсоод л мэдчихдэггүй учраас мэдээллийн хэрэгцээ асар их. Тэр чинээгээрээ амаас ам дамжиж мэдээлэл нь хачир, чимэгтэйгээр хүрдэг.

ЭНГИЙН ХҮҮХДҮҮД ЭЭЖ ААВДАА ЭРХЭЛЖ ЯВАХАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ЭЦЭГ ЭХЭЭ АЛДВАЛ БИ ЯАХ ВЭ ГЭДГЭЭ ОЙЛГОЧИХСОН БАЙДАГ

-Та сонсголын бэрхшээлтэй олон хүмүүсийг мэднэ. Тэдний сайн жишээг дурьдвал ямар вэ?

-Сонсголын бэрхшээлтэй ч гэсэн бусдын л адил хүн шүү дээ. Би боддог юм аа, хэрвээ дэлхийн хүн амын талаас дээш хувь дохионы хэлээр ярьдаг байсан бол энгийн хэл яриатай хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй л гэгдэх байсан.

Сонсголын бэрхшээлтэй ч гэсэн амьдралд тэмцэж  өөрсдийн байр сууриа олсон амжилттай ажиллаж яваа олон хүн бий. Сүүлд би Унгар руу сонсголгүй иргэдийн бага хуралд явсан. Тэнд Байгалмаа гэж өөрийн гэсэн загварын товчоотой болчихсон, үйлчлүүлэгчтэй болчихсон мундаг бүсгүйтэй уулзлаа. Өөрөө “Би Монголдоо хайртай, маш их санадаг, очихыг хүсдэг, даанч тэнд бидэн шиг хүмүүс ажиллаад амьдрах орчин байхгүй. Харин энд би хүссэн зүйлээ хийгээд амьдарч байна” гэж байсан.


-Та сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцдаг хүний хувьд юунд эмзэглэж явдаг вэ?

-Зарим эцэг эхчүүд хайрлаж байгаа нэртэй түлхээд байна. Зөвхөн мөнгөөр л асуудлыг шийдэх гээд. Гэтэл тэд маань хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хүн шүү дээ. Хэн өөрийг нь хайрлаж байгааг, хайрлаж чадахгүй байгааг харж, маш сайн мэдэрч, эмзэглэж байдаг. Тэд ээж аавынхаа юунд санаа зовж байгааг маш сайн мэднэ. Энгийн хүүхдүүд ээж аавыгаа мөнх юм шиг санаж эрхэлж гүйж явахад тэр хүүхдүүд эцэг эхээ алдвал би яах вэ гэдгээ ойлгочихсон байдаг. Тийм ч учраас гэр бүлдээ элгэмсүү, халуун сэтгэлтэй. Харамсалтай нь хөдөө орон нутагт, хотод ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь муугаар хэлэхэд тухайн гэр бүлийн бүх ажлыг нь хийдэг үйлчлэгч шиг нь байдаг.  Сурч боловсроод явчихвал энэ их ажлыг нь хэн хийх вэ гэсэн хандлагатай байгаад харамсдаг. 

Нийгэм маань сонсголын бэрхшээлийг хөгжлийн бэрхшээл гэж хардаг хандлага бий. Яг үнэндээ тэд маань сонсохгүй л болохоос хэлний цөөнх шүү дээ. Төрийн үйлчилгээ авах гээд очиход хамт яваа хүнтэй нь харьцдаг. Хэчнээн сонсохгүй ч гэсэн тухайн хүн рүү л харж харилцах ёстой. Тэр үед нь би уучлаарай, надтай биш энэ хүнтэй харьцаарай гэж хэлдэг.