Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 3 ээлжээр жижүүрлэн ажиллаж байна. Би өчигдрөөс өнөө өглөөг хүртэл жижүүрлэсэн. Энэ хугацаанд айлууд түүхий нүүрс хэрэглэж байна гэсэн гомдол Амгалан, Баянхошуу зэрэг газруудаас ирлээ. Үүнд хяналт тавьж ажиллаж байна. Товчоогоор иргэд машиндаа түүхий нүүрс оруулж ирэх үйлдлүүд мөн гарч байна. Уржигдар 10, өчигдөр 10 шуудайг оруулж ирэхийг завдахад нь буцаасан. Тиймээс иргэд маань хотынхоо агаарыг цэвэр байлгахын төлөө түүхий нүүрс оруулж ирэхгүй, сайжруулсан түлшээ зөв түлэхэд анхаараарай.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт гурван лабораторт сайжруулсан түлшний шинжилгээ хийлгэж, дүнг нь олон нийтэд танилцуулсан.

Энэ удаа Шинжлэх ухааны академийн Хими технологийн хүрээлэнд Таван толгой түлш ХХК-ийн нэг, хоёрдугаар үйлдвэрт хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч болон угаарын хийд хордсон айл өрхөөс авсан шахмал түлшнээс дээжийг шинжлүүлсний дүн гарлаа.

Шинжилгээгээр сайжруулсан хатуу түлш стандартын шаардлага хангаж байна гэсэн дүн гарсан. 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн элементийн шинжилгээний дүнгээр 63.8-65.9 хувь нь нүүрстөрөгч, 3.7-3.9 хувь нь устөрөгч, 1.6-1.7 хувь нь азот, үлдсэн хувь нь хүчилтөрөгч байна гэсэн. 

Барьцалдуулагчийн шинжилгээний дүнгээр 18-19.9 хувь нь усанд уусдаг цардуул агуулсан хольц, шатдаггүй эрдэс хэсгийн үндсэн бүрэлдэхүүн нь цахиурын оксид бөгөөд 43.6-44.1 хувь, альфид 23.7-32.4 хувьд нь байна гэж гарчээ. Дүгнэлтэд нь "Шахмал түлш болон түүний үнс, бартцалдуулагчид хийсэн шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй элемент, эрдэс илрээгүй" гэсэн байна" хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр "Хүнсний аюулгүй байдал, лавлагаа лабораторын Цацрагийн хяналтын лабораторт шахмал түлшний 6, үнсний 1 дээж авч, цацрагийн шинжилгээнд хамруулсан. Дүн нь "цацрагийг аюулгүй нь нормоос хэтрээгүй" гэсэн хариу гарсан. Улмаар Мэргэжлийн хяналтын байгууллага таван лаборатороор сайжруулсан шахмал түлшийг шинжлүүллээ. Энэ таван лабораторын дүн зөрсөнгүй. Бүгд "шаардлага хангаж байна" гэсэн дүн гарлаа. Тиймээс одоо иргэд хэрэглээндээ анхаарахыг дахин сануулж байна" гэдгийг нэмж хэллээ.