Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэргэжлийн байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээлийн үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хордсон нийт 15 өрхийн 42 иргэн хандсан. Дүүргээр нь авч үзэхэд, Баянзүрх дүүрэгт нэг өрхийн 3 иргэн, Хан-Уул дүүрэгт хоёр өрх, Сонгинохайрхан дүүрэгт 8 өрх, Чингэлтэй дүүрэгт нэг ААН, хоёр өрхийн нийт 42 иргэн эмнэлэгт хандсан. Нэг том хүн эмнэлэгт хэвтэж 3 хүн эмнэлгээс гарсан. 

2019 оны 10 дугаар сарын 17-ны 06.00 цагийн байдлаар эмнэлэгт 5 том хүн, 2 хүүхэд нийт 7 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

2019 оны 10 дугаар сарын 3-17-ны өдрүүдэд угаарын хордлогын 180 удаагийн дуудлагаар 402 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. 165 нь хүүхэд, 237 нь насан түрэгчид байна. Насан хүрсэн 29, хүүхэд 8 хэвтэн эмчлүүлсэн.

Сайжруулсан шахмал түлшний талаар зөвлөмжийг төвийн 6 дүүргийн гэр хорооллын өрхийн 95.9 хувьд нь хүргэсэн. 10.993 өрхөд зөвлөмж хүргэгдээгүй байгаа. Эдгээрээс эзгүй 3423, хаяг дээрээ оршин суудаггүй 4053, цахилгаан халаалтад шилжсэн 2335, төвийн дулаанд холбогдсон 67, дахин төлөвлөлтөд орсон 294, шилжилт хөдөлгөөн хийгдсэн 321 буюу нийт 10.993 өрхөд зөвлөмж хүргэгдээгүй.

Төвийн 6 дүүргийн гэр хорооллын айлуудын 62924 нь гэрт, 81252 нь байшинд амьдарч байна. Төслийн зуухыг 46733 өрх, ердийн зуухыг 41483 өрх, ханан пийшинг 44179 өрх, нам даралтын зуухыг 15652 өрх ашиглаж байна гэсэн судалгаа гаргаж, үүн дээрээ үндэслэн зөвлөмж сэрэмжлүүлэг гаргаж байна" хэмээн мэдээллээ.