Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар болон угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн албан ёсны мэдээллийг өдөр бүр 10.00, 16.00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол хүргэж байна. 

2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас аравдугаар сарын 10-ны өглөөний 06.00 цагийн байдлаар 17 өрхийн 34 иргэн угаарын хийнд хордсон гэх дуудлага өгсөн байна. Дээрх 34 иргэнээс 18 хүүхэд, 16 том хүн байсан. Өнөө өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт есөн том хүн, гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэж мэдээллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас угаарын хийн хордлогод өртсөн өрхүүдийн хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван шинжлэхэд ямар нэгэн стандарт зөрчигдсөн зүйл гараагүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн болон дүүрэг, хороодын төрийн албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд сайжруулсан шахмал түлшний зөв галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг гэрээр нь орж биечлэн танилцуулж, зааварлаж байна” хэмээн онцолж хэллээ. Мөн иргэдийн ашиглаж байгаа ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй яндангийн сойлт хийсэн, зориулалтын хавхлагыг авч хаясан, янданг хэт намхан хийсэн гэх зөрчлүүд илэрч байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүллээ.

Шахмал түлшний буруу хэрэглээнээс болж иргэд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаатай холбогдуулан нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны ажилтнууд гэр хорооллын айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байгаа. Иймд мэргэжлийн байгууллагуудаас хүргэж байгаа зөвлөмж мэдээллийг олон нийтэд хүргэх тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг идэвхтэй оролцохыг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа.

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний  дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийх юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс