Анх удаа зохион байгуулагдаж буй "World Schools Debate"  англиар мэтгэлцэх үндэсний хэмжээний тэмцээн энэ сарын 17-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 

“Эдүкэйтэд Энтерпрайз”-аас зохион байгуулсан энэхүү тэмцээнд нийт 32 багийн 125 оролцогч өрсөлдсөн бөгөөд Дархан, Эрдэнэт хотоос багууд хүрэлцэн ирж өөрийн хурд хүч, авьяас чадвараараа өрсөлдлөө.

Багууд хоёр өдрийн турш оюуны хурд, илтгэх чадвараараа өрсөлдсөнөөс Сант сургуулийн 2 дугаар баг тэргүүллээ. Харин удаах байрыг Монгол Тэмүүлэл сургуулийн “Unity” баг эзлэв.

Энэхүү мэтгэлцээний тэмцээн нь Монголд анх удаа олон улсын ахлах сургуулиудын мэтгэлцээний тэмцээний загвараар (World Schools Debate format) зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог. 

Эцсийн шатанд шалгарсан хоёр багийн гал гарсан ширүүн мэтгэлцээнийг “British School of Ulaanbaatar” сургуулийн захирал Жонатан Уорнер, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, “Эдүкэйтэд Энтерпрайз”-ын үүсгэн байгуулагч О.Энхзул нар шүүв. Чиглүүлэгчээр “Эдүкэйтэд Энтерпрайз”-ын англи хэл дээрх мэтгэлцээний сургагч багш Б.Идэр ажилласан. 

Ахлах ангийн сурагчдын мэтгэлцэх ур чадвар, англи хэлний түвшинг сорьсон энэхүү тэмцээний талаарх сэтгэгдлийг хүргэж байна.

Мэтгэлцээн өөрийнхөө санааг цэгцтэй илэрхийлэх чадварыг суулгадаг

/Тэмцээний шүүгч, “Эдүкэйтэд Энтерпрайз”-ын үүсгэн байгуулагч О.Энхзул/


Орчин үеийн хүүхэд залуусын заавал эзэмших ур чадвар дундаас санаагаа зөв, цэгцтэй ойлгуулах чадвар чухалд тооцогдож байна. Үүнийг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй, сонирхолтой арга нь мэтгэлцээн юм. 

Бас бусдыг сонсох, асуудлыг бусдын өнцгөөс ойлгох, асуудлын шалтгаан үндэслэлийг ул суурьтай хөндөх, тэдгээрт тохирсон шийдэл дэвшүүлэх гээд чухал мэдлэг, чадваруудыг эзэмшиж чаддаг гээд олон давуу талтай.

Тиймээс сурагчдад өөрийгөө хөгжүүлэх боломж олгох зорилгоор англи дээрх мэтгэлцээний тэмцээнийг санаачлан зохион байгууллаа.  

Энэ тэмцээнд ялсан, ялагдсаны аль ч бай оролцогч хүүхэд бүр туршлага хуримтлуулж, хүсэл мөрөөдөл өвөртлөн харьж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тэмцээний хамтран зохион байгуулагчаар "The Global Green Growth Institute" /GGGI Mongolia/, Рояаль Олон Улсын Их сургууль, "United Nations Association of Mongolia"/ НҮБ-ын Нийгэмлэг, "Hippocards" үг цээжилдэг аппликэйшн болон "PEAK news"мэдээллийн сайт хамтран ажилласан.

Монгол хүүхдүүдийн англиар мэтгэлцэх чадвар бишрүүлж байна

/Тэмцээний шүүгч, “British School of Ulaanbaatar” сургуулийн захирал Жонатан Уорнер/


Монгол сурагчдын англиар мэтгэлцэх чадварыг хараад үнэхээр биширлээ. Багууд мэтгэлцэхдээ баримт нотолгоо дэвшүүлэхдээ зөвхөн бэлдсэн баримт, материалдаа хязгаарлагдсангүй. Тэд өөрсдийн зүрхний гүнээс, итгэл үнэмшлээрээ мэтгэлцэхийг хараад бахархсан.

Энэ тэмцээнд оролцож байгаа сурагчид ирээдүйд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах мэргэжилтнүүд болох нь гарцаагүй. 

Мэтгэлцээнд амжилттай оролцоход багийн ажиллагаа эергээр нөлөөлсөн

/Тэмцээний ялагч, Сант сургуулийн 2 дугаар багийн оролцогч Б.Оюунбилиг/


Манай баг мэтгэлцээн тэмцээний сүүлийн шат эхлэхээс ердөө цагийн өмнө сэдвээ сонссон. 

Үнэндээ ганцхан цагийн дотор сэдвээ бүрэн судлаад баримт нотолгоотой, үндэслэл дэвшүүлж, мэтгэлцэнэ гэдэг амар байгаагүй. 

Бидний хувьд бие биеэ сайн ойлгож, багаар хамтран ажиллаж чадсан нь давуу тал болсон гэж бодож байна. Миний бодлоор мэтгэлцэх авьяас хүн бүрд бий. Гагцхүү айдсаа давж, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.