ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх онд болно. Тус сонгуульд оролцохоор төлөвлөж буй орос иргэдийн 28 хувь нь хэний төлөө саналаа өгөхөө хараахан шийдээгүй байна. Саяхан Левада-центр байгууллагаас явуулсан судалгаагаар ийм дүгнэлт гарчээ. Саналд оролцогчдын гуравны хоёр нь одоогийн төрийн тэргүүнийг дэмжих гэнэ. Санал асуулгаар Либерал ардчилсан намын тэргүүн В.Жириновский, Оросын холбооны Коммунист намын удирдагч Г.Зюганов нар ердөө 2% санал тус тус авчээ. Левад-центр байгууллагаас 2011 онд ийм төрлийн санал асуулга мөн явуулж байв. Тухайн үед нийт оролцогчдын 6% нь В.Жириновский, 8 % нь Г.Зюгановт санал өгнө гэж байжээ. 

Энэ удаагийн санал хураалтаар Оросын сөрөг хүчний тэргүүн А.Навальный ба ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев нар тус тус 1% санал авсан аж. Хэрэв В.Путин 2018 оны сонгуульд оролцохгүй бол Ерөнхий сайд Д.Медведев жагсаалтыг тэргүүлэх нь лавтай гэж судлаачид үзэж байна. Ямартай ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх сонгуульд оролцохоос татгалзвал ард иргэдийн тал гаруй буюу 55% нь дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд хэний төлөө саналаа өгөхөө мэдэхгүй байгаа аж.