Цагдаагийн ерөнхий газрын өгсөн мэдээллээр нийт гэмт хэргийн 30-40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Үүнээс халаасны хулгайн гэмт хэргийн 85 хувийг гар утасны хулгайн хэрэг эзэлдэг байна.

Утсаа алдахаас өмнө бүртгэлжүүлвэл эргээд олох ч боломж бий. Ингэхийн тулд www.smartdevice.mn сайтад тухайн хүн өөрийн мэдээлэл, утасны дугаар, имейл хаягаа мөн утасны IMEI кодыг бүртгүүлэх ёстой аж. Хэрэв утсаа алдсан тохиолдолд хэрэглэгч бүртгэлтэй утсаа “алдагдсан” төлөвт оруулахад тухайн утсанд ямар сим карт хийгдсэн талаарх мэдээллийг үүрэн телефоны дөрвөн операторын аль нэг рүү нь мэдээлэл ирэх аж. Ингэснээр Цагдаагийн байгууллагынхан хэрэглэгчийн утсыг олж өгөх  бүрэн боломжтой юм. Хамгийн гол нь иргэд бүртгэлээ идэвхтэй хийх хэрэгтэй ажээ.

Зарим иргэд хулгайлаагүй ч олсон утсаа зарж борлуулвал хуулийн хариуцлага хүлээдэг төдийлэн мэддэггүй.

Хуулийн заалт:

2017 онд шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулинд үүнийг тодорхой заасан байдаг. Хууль бус гэмт хэргийн замаар алдсан эд зүйлийг ашиглах, түүнийг худалдан авч борлуулах үйл ажиллагаа явуулбал Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйл буюу мөнгө угаах зүйл ангиар хариуцлага тооцно. Зөрчлийн тухай хуулиар 300 мянгаас доош эд зүйл хулгайлсан этгээдийг 7-30 хоног баривчилна. Харин Эрүүгийн хуулинд хулгайн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн этгээдийг 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг.