Австралийн сургуулиуд охидод ихэнхи сургалтын системд байдаггүй амьдралд хэрэгтэй, чухал ур чадваруудыг заадаг. Үүний тод жишээ бол охидод тээврийн хэрэгсэл засах, жолоо барихыг зааж буй Stella Maris коллеж юм.

Охидод ахлах ангиас нь машины эд ангид энгийн засвар хийх, авто ослын үед авах яаралтай арга хэмжээ, машины дугуй солих, түлшээ шалгах, зөв хийх зэргийг заадаг байна.

Ингэснээр ирээдүйд охид ямар ч нөхцөлд эрэгтэй хүний тусламжгүйгээр жолоо барих, машин нь эдврээд замын голд зогссон ч өөрөө машинаа засах чадварт суралцаж байгаа гэнэ. 

Тус сургууль охидод уг хичээлийг заалгахаар тусгай эмэгтэй багш нарыг шалгаруулан ажилд авчээ. 4 эмэгтэй багшаас бүрдсэн Галматик хэмээх сургалтын компани охидод интерактив, практик хичээлүүдийг зааж байгаа юм. 

Уг компанийн тэргүүн Элани Митакос 13 жилийн турш оюутан, сурагчдад жолооны сургалт, тээврийн хэрэгслийн засварын хичээл зааж буй бөгөөд жилд 100 мянга гаруй сурагчидтай ажилладаг байна.

Цахим орчин, гадны хэвлэлд уг сургалтын талаар хүмүүс эерэг сэтгэгдлүүд, сайшаал магтаал ирүүлсээр байна. 

Охидыг хүчирхэг, бие даасан байдалд сургаж буйд эцэг эхчүүд гүнээ сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Харин Испанийн Виго хотын Colegio Montecastelo ахлах сургууль хөвгүүдэд гэр ахуйн ажил хийх чадварыг зааж байгаа гэнэ. Тус сургууль заавал эмэгтэй хүн гэлтгүй хүн бүр өөрийн амьдарч буй орчноо зөв арчилдаг байх ёстойг хөвгүүдэд сууриас нь зааж, үлгэрлэж буй. Хөвгүүдийн хөтөлбөрт хоол хийхээс эхлээд оёх, цэцгийн чимэглэл хийх хичээл хүртэл багтдаг байна. 

Охид тээврийн хэрэгсэл жолоодож, машинаа засаж, хөвгүүд хоол хийж, гэрээ цэвэрлэх нь хүүхдүүдэд жендэрийн хэвшмэл ойлголт төрүүлэхгүй байх чухал ач холбогдолтой.


Эх сурвалж: Daily Mail