Дэлхийн хамгийн ойрын хөрш саран дээр хүн суурьшуулах, нөөц баялагийн хайгуул хийх, олборлох зорилготой Артемис хөтөлбөрт найман улс нэгдэн орсон тухай АНУ-ын НАСА агентлаг мэдэгдлээ.

Австрали, Канад, Япон, Люксембург, Итали, Англи, Арабын Нэгдсэн Эмират мөн мэдээж АНУ гэсэн найман улс хамтран 2024 онд сарны өмнөд туйлын ойролцоо хоёр нисгэгчийг буулгаж, саран дээр болон түүний эргэн тойрон байнга хүн байлгах юм. Үүнд шинэ улс орнууд нэгдэн орж магадгүй байна. Артемис хөтөлбөрт нэгдэн орохыг хүссэн улс орнууд олон улсын сансрын хуулийн үндсийг тавьсан АНУ-ын 1967 оны Задгай сансрын гэрээг хүлээн зөвшөөрөх ёстой юм байна.

Артемис хөтөлбөр нь засгийн газар хоорондын гэрээ бөгөөд оролцогч улс орнууд сансрын үйл ажиллагааг энх тайванчаар, олон улсын хууль дүрэмд нийцүүлэн явуулах зарчмын тохиролцоо юм байна.

Үүнд Аполло хөлөг газардсан талбай зэрэг сансрын өвийг хамгаалах, шинжлэх ухааны мэдээлэл, датаг цаг алдалгүй олон нийтэд дэлгэх, тусламж хэрэгтэй сансрын нисгэгчдэд туслах, сансрын хөлөг болон бусад системийг дээд зэргээр хамтран ашиглах, ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох, сансрын нөөцийг бүх хүн төрөлхтний сайн сайхны тулд ашиглах зэрэг юм байна.

Артемис хөтөлбөр нь олон улсын түнш орнуудаас гадна хувийн хэвшлийн компаниудыг хамруулна" гэж НАСАН агентлагийн захирал Жим Брайденстайн хэллээ. "Жишээлбэл нисгэгчдийг сарны гадаргуу дээр буулгах газардуулагч нь SpaceX компанийн эсвэл Жефф Безосын Blue Origin-ны арилжааны хөлөг байх юм" гэсэн байна.

Сарны гадаргуу дээрх ашигт малтмалын нөөц гэдэгт хамгийн түрүүнд сарны тогооны ёроолын сүүдэртэй, харанхуй хэсэгт элбэг тохиолддог ус мөс ордог. Энэхүү мөс нь тэнд суурьших хүмүүсийн усны хэрэгцээг хангаад зогсохгүй түүнийг устөрөгч, хүчилтөрөгч болгож задлах юм бол пуужингийн гол түлш болгон ашиглах юм байна.

НАСА агентлаг өнгөрсөн тавдугаар сард Артемис хөтөлбөрийг зарласан бөгөөд оролцогч Япон улсын саналаар үйл ажиллагааны хамрах хүрээг сарнаас гадна бусад гариг, солир дээр болон түүний эргэн тойрон гэж нэмж оруулсан байна. Үүнд Ангараг гариг багтаж байгаа юм. 2030 он гэхэд Ангараг гариг руу нисгэгчтэй хөлөг хөөргөх юм.