"ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ - 2021" эргэн тойронд: Эмэгтэй малчдын халаа тасарч байна

Д.Даваадулам
11 сарын 10, 2021

Өнөөдөр болсон “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ - 2021” үндэсний чуулганы зарим мэдээллээс онцлоход: 

♦ Жендэрийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны нийт санхүүжилтийн 96.4 хувийг ОУ-ны хөрөнгө оруулалт эзэлж байна. Тиймээс цаашид тухайн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт чухал байгааг чуулганд оролцогчид онцоллоо. 

♦ Өнөөдөр УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 хувь. Энэ хувь хэмжээг 30 хувь хүргэх манай улсын зорилт нь 2000 оноос эхтэй. Гэсэн ч эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо, төлөөлөл доогуур хэвээрээ, ОУ-д энэ  үзүүлэлтээр 129-рт орж байгааг МУБИС-ийн багш, судлаач Э.Гэрэлт-Од тодотгов.

♦ Залуу малчдаас судалгаа авахад нийт оролцогчдоос 20 гаруй хувь нь хүүгээ, харин дөнгөж 0.5 хувь нь охиноо малчин болгоно гэжээ. 

Тиймээс хөдөөд боловсрол, эрүүл мэнд, нөхөн үржихүйг хамарсан цогц бодлого авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. 

-Ковид19 цар тахлын үед эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэлтийн түвшин 10 хүртэл функтээр буурсан байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА:     

          

“Цалинтай ээж” хөтөлбөрөөр ажил хөдөлмөр эрхлээгүй 0-3 насны эмэгтэйчүүдэд сард 50 мянган төгрөг олгодог. 

Энэ жил 07 сарын 01-нээс эхлэн “цалинтэй эцэг эх” хөтөлбөр болж өөрчлөгдсөн.  

Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүд, хөвгүүдийн хөгжилд эмэгтэйчүүдийнхтэй яг адилхан анхаарах шаардлага  тулгарч байна. Сүүлийн 10 жилд зөвхөн эмэгтэйчүүдийн хөгжилд  анхаарч ирснээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндээс эхлээд олон асуудлууд хуримтлагджээ.  

                             Хүүхэд сургуульд орсноор залуу малчин гэр бүл тусдаа амьдардаг

Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх шинжээчдийн бүлгийн ахлагч Б.ОНОН:  

Малчдын хүйсийн харьцаа нь ярих ёстой асуудлын яах аргагүй мөн. Манай залуу малчдын 75 хувь нь эрэгтэйчүүд байна. 

Ийм байдлаар хөдөөд залуу эмэгтэйчүүд суурьшиж амьдрахгүй, мал маллахгүй бол өрхөд суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэл тасалдах, малчдын залгамж халаа тасрах, түүнийг дагасан янз бүрийн сөрөг нийгмийн үзэгдэл гарах эрсдэлтэй. 

Тухайлбал гэрлэлт дагасан шилжилт хөдөлгөөн ихсэж, гэрлэлттэй холбоотой сөрөг асуудал бий болно. Хүчирхийллийг ч өдөөнө. 

Нөгөө талд малчдын хүүхдүүдийн боловсролд хамрагдах байдлаас ажиглахад малчин өрхийн залгамж халаа тасалдах дүр зураг мөн харагдаж байна. 

6 настай хүүхэд сургуульд орох болсонтой холбоотой залуу малчин гэр бүл тусдаа амьдардаг. Энэ бол зөвхөн амьдралын хэв маягт нөлөөлөөд зогсохгүй  байгаль орчин, бэлчээрийн ашиглалтад хүртэл сөргөөр нөлөөлж байгаа нь судалгаагаар нотлогдсон. Энэ асуудлыг шийдэж байгаа сайн жишээ ч байна. 

Увс аймгийн Бөхмөрөн сумын сургууль дотуур байрандаа эцэг эх байрлах тусгай өрөө гаргасан. Ингэснээр хот айлаа төлөөлж нэг ээж, эсвэл аав нь хүүхдээ дасан зохицоход нь тусалж дотуур байранд нь хамт амьдарна гэсэн үг. 

Мөн бусад хүүхдүүдэд ч туслана. Ингэж ээж, аавууд нь нэг нэгээрээ ээлжээр дотуур байранд хүүхдүүдтэй цуг амьдрах нөхцөл бүрдүүлсэн сайн жишээ бий. Энэ сайн туршлагыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж нэвтрүүлэхээр бид төлөвлөж байна.    

Мөн хөдөөд өрх толгойлсон малчин эмэгтэйчүүдийн орлого эрэгтэйчүүдийнхээс 30 хувиар бага байгаа нь ядууралд өртөх нөхцөлийг бий болгож байна.  

Э.ГЭРЭЛТ-ОД:  ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧИЙГ ЭРЭГТЭЙ ЗАГВАРТ ОРУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭХ НЬ АЛДАА 

Харамсалтай нь улс төрийн төрийн намууд эмэгтэйчүүдийн 30 хувийн  квотыг тааз гэж хараад байна. Энэ бол нэг хүчин зүйл. 

Мөн сонгуулийн тогтолцоо өөрөө шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нэлээн хязгаарлагдмал. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад сонгуулийн мажоритари  тогтолцоо пропорционал  тогтолцооноосоо 10 хувиар доогуур эмэгтэйчүүдийг гаргадаг гэж дүгнэдэг.  

Гуравт улс төрийн санхүүжилтийн асуудал. Манайд энэ талбарт хяналтгүй асар их санхүүжилт явдаг. Би хувьдаа санхүүжилтийг хязгаарлах, ил тод болгох нь залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрд оролцох боломжийг нэмэгдүүлнэ гэж харж байна. 

Энэ гурван асуудлыг шийдэхгүйгээр эмэгтэйчүүдийн оролцоо өснө гэхэд итгэхгүй. Шийдэх гол түлхүүр нь улс төрийн намуудад бий. Намуудын хүсэл эрмэлзлэл хэрэгтэй. 

Монголчуудын эмэгтэйчүүдийг эрчүүдийн хойно тавьдаг хэвшмэл ойлголт үүнд хэр нөлөөлдөг бол?

-Үүнийг судалж байна. Судалгаанаас харахад иргэд нам эвслээс нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квот байх ёстой гэж үзэж ханддаг нь тодорхой байна.  

Мөн хоёр өрсөлдөгчөөс эмэгтэйг сонгох хандлага ч байна. Энэ өнцгөөс харвал манайд хэвшмэл хандлага харьцангуй бага байна гэж хувьдаа дүгнэнэ. 

-Эмэгтэйчүүдийн алдааг маш том болгож хөөсрүүлдэг, чадахгүй, мэдэхгүй болгож харагдуулахыг хичээх явдал байна уу гэж харддаг. Таны хувьд?  

Хоёр талтай. Тэгж ч мөн харагдуулаад байна. Үүнд троллууд, сошиалын онцлог нөлөөлж магадгүй.  Бид эмэгтэй улс төрчийг эрэгтэй улс төрчийн загварт оруулах гэж зүтгээд байгаа нь хамгийн том алдаа.

Мөн нийгмийн сүлжээгээр эрэгтэй улс төрчдөд хариуцлага тооцдоггүй хэрнээ эмэгтэй улс төрчдөд илүү хариуцлага тооцох гээд байдаг. Энэ нь эмэгтэйчүүдээс илүү зүйл хүлээдэгтэй холбоотой байж болох юм.  

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.