БШУ-ы сайд Л.Энх-Амгалан элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулах талаар мэдээллээ.

Тэрбээр Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах хуваарьтай ажиллаж байгаа. Энэ онд улсын хэмжээнд 40420 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Халдварын тархалтын нөхцөл байдлыг харгалзаж энэхүү шалгалтын товлолт хугацааг албан ёсоор хойшлуулахаас өөр сонголтгүй боллоо. Шалгалтыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг гаргаж байна." гэлээ.

Үүний дараагаар Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

-Шалгалт өгөх хүүхдүүдийн хэдэн хувь нь вакцинд хамрагдаад байгаа вэ?

- 40,420 хүүхдээс өнөөдрийн байдлаар 30,982 нь буюу 76 хувь вакцины бүрэн тунг хийлгэсэн. Наймдугаар сар гэхэд шалгалт өгөх бүх хүүхэд бүрэн тунгаар дархлаажсан байхаар байна. Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь 18,19 настай. 16, 17 настай хүүхдүүд дарлаажуулалтад хамрагдаад эхэлсэн. 15 настай 2,000 орчим хүүхэд бий. 

Шалгалтыг сар гаруйн хугацаагаар хойшлуулснаар намрын элсэлтэд ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа. 

- Есдүгээр сарын 1-нээс хичээл танхимаар эхлэх үү?

- Есдүгээр сарын 1-нээс аль болох танхимаар хичээл эхлүүлэхээр зорьж байгаа. Одоогоор бид үндсэндээ 1.5 жилийн танхимын сургалтыг алдаад байгаа. Энэ жил хичээл танхимаар эхлэхгүй бол хоёр жил хүртэл хугацаа алдахаар байна. 

Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авна. Энэ намар хоёр настнуудыг авдгаараа авах бол цаашдаа хүүхдийн хүмүүжлийн цогц хөтөлбөрүүдийг батлуулж, 0-2 насны хүүхдүүдээ ясли, хүүхэд харах үйлчилгээ гэх мэтийн алинд нь хамруулахаа шийднэ. Шинээр өргөн барьсан Боловсролын хуульд 3-5 насыг сургуулийн өмнөх нас гэж тодорхойлж байгаа.

- ЭЕШ-ыг хойшлуулж байгаа нь долдугаар сарын эхээр хөл хорио тогтоох талаар мэдээлэл гарч байгаатай холбоотой юу?

- Засгийн газар нөхцөл байдлын мэдээллийг сонссон. ЭЕШ маш том хөдөлгөөн үүсгэнэ. Зөвхөн хүүхдүүд гэхгүй эцэг эхчүүд хүүхдүүдээ дагаж хөдөлгөөнд ордог учраас шалгалтыг хойшлуулахаас өөр арга байсангүй.