БАЙР СУУРЬ: Хэн ч гэрчилгээ аваад хичээл зааж болно, гол нь үр дүн чухал

Боловсролын салбар хүний нөөцийн гүн дутагдалд орж, хүүхдэд заах, сурган хүмүүжүүлэх ажил хийх хүмүүс олдохгүй байгааг бүгд мэдэж байгаа. Урт хугацааны боловсролын системийн гажуудал улсын сургуулиудад 4200 багшийн дутагдлыг үүсгээд байна. Байдал энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд 31 мянга гаруй багшийн дутагдалд орох тооцоо байна. 

Багш дутсанаас сургуулийн үйл ажиллагаа маш ихээр алдагддаг. Багшгүйгээс байгаа багш нар нь илүү цаг ихтэй болох тул зөвхөн хичээл заахаас хэтрэхгүй болж, ангитайгаа ажиллах  хичээлийн бэлтгэл хангах цаг хүрэлцэхгүй болох гэх мэт асуудал үүсдэгийг Монгол Улсын Гавьяат Багш Ж.Галбадрах хэлж байлаа. 

Багшлах хүн байхгүйгээс боловсролын чанар жил ирэх тусам муудаж байгааг Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ (PISA)-ний дүнгээс харж болно. Монгол Улс  бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад математикийн хичээлээр 2.3 жил, унших чадварын үнэлгээгээр 5 жил, байгалийн шинжлэх ухааны хичээлээр 3 жилийн хоцрогдолтой байна. 

Иймээс асуудлыг углуургаар нь шийдвэрлэх урт хугацааны, тогтвортой, оновчтой бодлогыг тодорхойлох хэрэгцээ шаардлагатай байгаа юм. 

Боловсролын сайд П.Наранбаяр үүрэгт ажлаа хүлээж авсныхаа дараа боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх зорилгоор гадаад дотоодын их сургуулийг амжилттай төгссөн залуусыг арга зүйн сургалтад хамруулж, улмаар багшлуулах талаар мэдээлж байсан. Энэ хүрээнд “Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг баталсныг Боловсролын яамнаас энэ сарын 13-ны өдөр танилцуулсан юм.

Журмын дагуу багшлах хүсэлтэй иргэд 45 хоногийн хугацаанд суралцан, дунд сургуульд хичээл заах эрхтэй болох юм. Жишээлбэл, химич мэргэжилтэй, бакалаврын зэрэг 2.7оос дээш голчтой бол багшлах арга барилд суралцан, улмаар эрхээ авна гэсэн үг.

Энэ мэтчилэн боловсролын салбарт ажиллах хүсэлтэй хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр академик боловсрол эзэмшсэн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэдэд хандан сайд П.Наранбаяр тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхийг уриалсан. Гэсэн ч түүний үйлдэл олон нийтийг талцуулаад байгаа юм. Боловсролын яамд энэ сарын 16-нд  болсон хэвлэлийн хурлын үеэр "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар сайд П.Наранбаярын шийдвэрийг эсэргүүцэж өндөг шийдсэн. 

Үүнтэй холбоотойгоор журмыг эсэргүүцэж буй болон дэмжиж буй иргэдийн байр суурийг хүргэе.

Цалин нэмэх нь асуудлыг шийдвэрлэх ганц арга

Үндсэн цалинг нэмэх нь асуудлын зангилааг тайлах ганц  шийдэл учраас мэргэжлийн бус хүмүүсийг салбарт оруулж ирэх шаардлагагүй гэдгийг багш нар хэлж байна. Тэгвэл бага цалинтай гэх шалтгаанаар мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон багш нар эргээд салбартаа ажиллаж эхэлнэ хэмээн ярьж байгаа юм.

Баярхүү Цэрэндамба гэх цахим хаяг хэрэглэгч: 

-Тэтгэвэрт гарсан багш нарыг ажиллуулах замаар хомсдолыг арилгаж болно. Сарын цалинг нь 4 сая төгрөгт хүргэчихвэл ахиад арван жил ч заах боломжтой хэмээн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Багш мэргэжлийн үнэ цэнийг улам унагааж байна


Дээрх асуудлаас гадна багшлах арга зүйд 45 хоногийн хугацаанд суралцах боломжгүйгээс гадна сайдын шийдвэрээс болж багш болох хүсэлтэй хүүхдийн тоо цаашид улам л цөөрнө гэдгийг хэллээ. Энэ талаар Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн Б.Намуунтамир: 

-Мэдлэгийг хүүхдэд хүргэнэ гэдэг хүн бүрийн хийдэг ажил биш. Заах арга барилыг богино хугацаанд эзэмших боломжгүй.

Сайдын гаргасан шийдвэр багш хүний нэр хүнд, үнэ цэнийг улам л унагааж байна. Хэн ч энэ ажлыг хэдхэн хоногийн курст суусан болоод хийчихнэ гэсэн ойлголттой болно. Иймд цаашид  багшийн мэргэжил сонгох хүүхэд улам л цөөрнө гэлээ.

Багшийн хомсдолыг цалин нэмснээр шийдвэрлэх боломжгүй

Аливаа зүйл хоёр тайлтай тул шийдвэрийг эергээр хүлээн авч, багшлах хүсэлтэй иргэд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж байна. Тэдний нэг болох  “Т.Жаргалсайхан” нэртэй цахим хэрэглэгч:

-Цалин урамшуулал бол дараагийн асуудал. Богино хугацааны шийдэл танилцуулж байхад урт хугацааны стратеги нэхээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Асаж байгаа гал түймрийг намжаахын тулд ямар нэг алхам хийхгүй яах юм бэ? 


Би МУИС-ийг Улс төр судлаач мэргэжлээр бакалавраа 3.4, мастераа 3.6 голчтой төгссөн, багшлах мөрөөдөлтэй. Өөрийгөө ахлах ангид нийгмийн ухаан, түүх заах чадамжтай гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хэн ч хэнд ч хичээл зааж болно, гол нь үр дүн чухал

Хэдийгээр номыг нь  үзэж, дипломыг нь гардаж авсан ч мэргэжлийн сургууль төгссөн хүн бүр сайн багш байдаггүй гэдэг нь үнэн билээ. Нэгэн бага сургуулийн захиралтай ярилцхад өөрийгөө дайчилж аливаа мэдлэгийг эзэмшсэн, хүүхэдтэй ажиллах чин хүсэлтэй хүн л зөв хандлагатай, ажлаа сэтгэлээсээ хийдэг хэмээсэн юм.

Боловсролын судлаач Баатарын Батаа

Энэ талаар Боловсролын судлаач Б.Батаа: 

-Хүүхэд мэдлэг, чадвартай, тэднийг хөгжүүлье гэж хичээх чин сэтгэлтэй багштай байх хэрэгтэй. Иймд  45 хоногийн курсийн багш байна уу, хиймэл оюун ухаан байна уу, гадаад багш байна уу хамаагүй. Хэн ч хэнд ч хичээл зааж болно, гол нь үр дүн чухал юм хэмээн судлаач Баатарын Батаа байр сууриа илэрхийлжээ.

Богино хугацааны шийдлээр аргацаах нь буруу гэдгийг сануулж буй хүмүүс бий. Үүнээс гадна 2.7 голчтой хэмээн шалгуурыг тогтоосон нь хариуцлагагүй, чанаргүй мэргэжилтнийг салбарт оруулж ирэх нь гэх хардлага төрүүлж байгааг багш нар хэлж байна. Гэсэн ч сайдын зүгээс туршлагатай, мэдлэг боловсролтой, мэргэжилдээ эзэн болсон багшлах сонирхолтой хүмүүсийг чадавхжуулна гэдгийг онцолсон. 

Урт хугацаанд бий болсон гажуудлаас нэг л өдөр сална гэдэг боломжгүй зүйл. Энэ утгаараа богино хугацаанд хэрэгжих арга хэмжээ багшийн хомсдолоос гаргах, ажлын ачааллыг бууруулах шийдэл байж болох юм. Гэхдээ энэ бол түр хугацаанд гал унтрааж буй хэрэг. Тиймээс илүү тогтвортой, алсыг харсан бодлого хэрэгтэй байгааг салбарт экспертүүд анхааруулж байгаа юм.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.