Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт улсын хэмжээнд өнөөдрийн 10:00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлнэ.

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс суудлын хуваарь дээр тухайн шалгалтыг өгөх шалгалтын байр, ирэх цагийн тов, нэвтрэх хэсгийн дугаарыг тусгайлан зааж өгсөн. Шалгуулагч шалгалт өгөх шалгалтын байранд “Суудлын хуваарь”-т заагдсан цагаас хоцрохгүй ирэх шаардлагатай.


Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

1. Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/;

2. Суудлын хуваарь;

3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавалгааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/;

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.

Анхаарах зүйл:

1. Шалгалтын байранд ирэх цагийн хуваарийн дагуу ирж, суудлын хуваарьт бичигдсэн нэвтрэх хэсгээр нэвтэрнэ. Анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурьдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

2. Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.


ЭЕШ-ын хуваарь


Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв