Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчлагдсан.

Хуульд заасан хугацаа дуусгавар болсон буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 88 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэрийг ирүүлснээс нэр бүхий 35 хувьцаат компани 150.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 135,631 хувьцаа эзэмшигчдэд хуваарилах мэдэгдлээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээлсэн байна. 

2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэсэн бол 2022 онд 150.8 тэрбум төгрөг болон өссөн байна.

Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 97.5 хувиар өсөж 5.9 их наяд төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 3.3 нэгжээр өсөж 5.1 хувьд, харин хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 3.8 хувьд, ТОП-20 индекс өмнөх оноос 25,125.80 нэгжээр буюу 130.3 хувиар  өсөж 44,411.60 нэгжид хүрснээр сүүлийн 30 жилийн түүхэндээ хамгийн дээд түвшинд хүрсэн билээ.