Peak.mn
11 сарын 06, 2025
Монгол Улсын “Талын зам стратеги”, БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” хөдөлгөөний хүрээнд байгуулагдан “Нэг бүс-Нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академи нь 2013 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.
Тодруулбал, 2 орны оюутнуудад харилцан дээд боловсрол олгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал, форум зохион байгуулах, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, компаниудад хууль эрх зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр Хятад, Монголын олон арван компаниуд, Их дээд сургуулиудтай хамтран арав гаруй жил Хятад, Монголын хамтын ажиллагааны гүүр болсон чадварлаг, мэргэжлийн баг хамт олон амжилттай ажиллаж байна. Энэ удаад БНХАУ-ын Бээжин хэл соёлын их сургуулийн хэвлэлийн газартай хамтран тухайн байгууллагын эрхлэн гаргадаг сурах бичиг, гарын авлага номуудын танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

Бээжин хэл соёлын их сургуулийн хэвлэлийн газар нь 1985 онд анхны бүтээлээ хэвлүүлснээс хойш өдгөө 40 гаруй жилийн туршлагатай, хятад хэлний сурах бичиг, гарын авлагын хамгийн том хэвлэлийн газар бөгөөд хятад хэлний ерөнхий болон мэргэжлийн зэрэг бүх насны хэрэглэгчдийнхээ хэлний чадварын түвшинг ахиулах, хамгийн сайн сурах бичиг, гарын авлага, материалыг нийтэлдэг юм.
Уг арга хэмжээнд “Нэг бүс нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академийн төслийн удирдагч, зөвлөх профессор, доктор Лю Яцун /Liu Yacong/, Бээжин хэл соёлын их сургуулийн хэвлэлийн хорооны гадаад харилцааны албаны дарга Лю Жиүчан / Liu Jiuchang /, МУИС, Бизнесийн сургууль, Бизнес консалтинг төвийн захирал Д.Энх-Отгон болон, “Нэг бүс нэг зам” Олон улсын хөгжлийн судалгааны академийн гүйцэтгэх захирал Ж.Хишигжаргал, тус академийн хамт олон, Монгол Гадаад улсын судлаач-профессор Д.Баярхүү, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбар, ШУТИС-ийн Ази судлалын тэнхимийн эрдэмтэн багш, оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид танилцуулах өдөрлөгт оролцлоо.
Энэ үеэр Б.Баярхүү н.Цэвээнжав нарын олон эрдэмтэн багш нар үнэ цэнтэй үг хэлсэн юм. Үүнээс Олон улсын хөгжлийн судалгааны академийн гүйцэтгэх захирал Ж.Хишигжаргалын сэтгэгдлийг онцолъё.
“Тэрбээр хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш оюутнууд,нийт зочиддоо энэ өдрийн мэнд хүргэе. Бидний бас нэгэн бүтээлч ажил бол хятад хэл судлаач оюутан багш нарын холбоо шинээр байгуулагдсан. Үүгээрээ дамжуулан судлаач оюутныг дэмжих, хууль ёсны эх ашгийг нь хамгаалах, туслах судалгаа хийх, уралдаан тэмцээн, сургалт семинар, соёлын арга хэмжээг хоёр орны хооронд өндөр хэмжээнд зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж байна. Мөн хятад, монгол толь бичгийг шинэчлэн найруулахыг хүсч байгаа. Цаашид манай багш оюутны холбоо хятад хэлийг сонирхдог, судалдаг судлаач эрдэмтэн багш оюутануудыг нэгтгэснээр хоёр орны томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцох боломжийг нээж, монгол багш нарын хятад хэлний мэргэжлийн чадварыг дээшлүүлэхийн тулд Хятад улсын их дээд сургуулиудад суралцах,туршлага солилцох гэх мэт ажлуудыг хийж хэрэгжүүлэх зорилготой. Тийм учраас та бүхнийг манай холбоонд нэгдэхийг урьж, уриалж байна.
Нэр хүндтэй эрдэмтэн багш нарын маань өнөөдрийг хүртэл судалж мэдсэн Монгол Улсын хэл соёлыг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж, нэр хүндийг нь өндөрт өргөж яваа эрдэмтэн багш нарынхаа айлдсан үнэт зөвлөгөө, сургаалуудыг дагаж хичээл зүтгэлдээ шингээгээрэй. Та бүхнийхээ сурч мэдэх, хөгжиж дэвших эрдмийн их үйлсэд тань өндөр амжилт хүсье хэмээсэн” юм.
Нэмж хэлэхэд “Нэг бүс нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академи нь нийгэмд үйлчлэх байгууллагын хувьд Бээжингийн хэл соёлын их сургуулийн хэвлэлийн газраас тогтоосон үнээр нь сурах бичиг, сургалтын материалыг захиалга аван нийлүүлэх боломжтой.
Захиалга өгөхийг хүсвэл
Вэб: https://www.brii.mn/
Харилцах утас: 7533-0888
E-mail: info@bri.edu.mn болон “Нэг бүс нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академитай холбогдоно уу.
Д.Гэгээ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.