Саруулын Ариунжаргал
02 сарын 05, 2019
Беларусь-Америк гаралтай шатрын тамирчин Чарльз Яффегийн хэлсэнчлэн “Авдаг цалин чинь биш, цалингаа хэрхэн үрж байгаа чинь чамайг баян болгодог” аж. Дэлхий дээрх хамгийн баян хүмүүсийн олонх нь зардал багатай дадал, хэвшилтэй байдаг ба үүнийхээ ачаар их хэмжээний хөрөнгө босгож чаджээ. Бид эдгээр хэмнэлттэй дадлал, зуршлуудыг өөр дээрээ хэрэгжүүлбэл илүү их мөнгө хадгалж чадах ч юм билүү?
Марк Цукерберг $30 000 үнэтэй машин барьдаг
Facebook сүлжээг үүсгэн байгуулагч энэ эрхэм өөртөө өдөр бүр шинэ Ferrari худалдаж авсан ч чадахаар бэл бэнчинтэй ч 30 мянган долларын үнэтэй, механик хурдны хайрцагтай, даруухан Volkswagen GTI унадаг. Тэрээр хуримаа хийхдээ хүртэл хэмнэжээ. Эхнэр Присцилла Чантай гэрлэхдээ хуримаа өөрийн байшингийн арын талбайд хийсэн ба Италид бал сараа өнгөрүүлэн аялж явахдаа хосууд McDonald’s-д хооллож байсан гэдэг. М.Цукерберг одоо амьдарч буй байшингаа 2011 онд 7 сая доллараар худалдан авж байсан нь тийм хэмжээний хөрөнгөтэй хүний хувьд нэлээд хямд үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт болжээ.
Уоррен Баффет 1958 онд худалдаж авсан $31 500 үнэтэй байшиндаа одоог хүртэл амьдардаг
“Berkshire Hathaway”-ийн үүсгэн байгуулагч, удирдагч ноён Баффет дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ тэр Омаха дахь 557 м2 талбай бүхий шохойдсон ханатай байшиндаа одоог хүртэл амьдардаг гэнэ. У.Баффет энэ байшингаа худалдаж авсан явдал нь амьдралдаа хийж байсан хамгийн ашигтай хөрөнгө оруулалт байсан тухай өөрөө хэлдэг. Зэргэлдээ орших 5 унтлагын өрөө бүхий ижил төрлийн байшин 2015 онд 2,5 сая доллараар зарагдсан гэдэг.
Билл Гейтс $10-ын цаг зүүдэг
Rolex-ийн тухай март. Билл Гейтсийн гоёо бол 10 долларын үнэтэй цаг. Тэрээр хамгийн их хэмнэдэг, хуучинсаг сэтгэлгээтэй тэрбумтан гэгддэг. Аяга таваг угаагч машин цахилгаан их хэрэглэдэг учраас өөрөө аяга тавгаа угаах дуртай тухайгаа хэлж байжээ.
“Dish Network”-ийн үүсгэн байгуулагч Чарли Эрген гэрээсээ өдрийн хоолоо авч явдаг
Мэдээж гадуур хооллоход үнэтэй шүү дээ. Dish Network компанийн үүсгэн байгуулагч энэ зардлыг танаж, гэрээсээ сэндвич, талх зэрэг өдрийн хоолоо цаасан торонд хийн авч явдаг гэнэ. Чарли Эрген эхнэрийн хамт 20 жилийн өмнө Денверт нэгэн байшин худалдан авсан ба тэндээ одоог хүртэл амьдардаг ажээ. Саяхныг хүртэл ерөнхий захирал Ч.Эрген гадагшаа бизнес уулзалтад явахдаа ажилчидтайгаа хамт буудлын нэг өрөөнд орж хэмнэдэг байсан гэдэг. Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр: “Миний ээж хямралын үед өссөн... Надад улаан модоор хийсэн ширээ байхгүй“ гэж хэлжээ.
Мексикийн хамгийн баян хүн болох Карлос Слим Хелу хувийн жолоочгүй
Баян болохыг мөрөөддөг хэн бүхэн л хувийн жолоочтой болно гэж төсөөлдөг байх. Харин Мексикийн харилцаа холбооны салбарын магнат Карлос Слим Хелу хуучин Mercedes-Benz машинаа өөрөө барьж ажилдаа явдаг.Тэрээр мөн өөрийн эзэмшдэг дэлгүүрээс бэлэн хувцас худалдан авч, Мексико-сити дахь 6 унтлагын өрөөтэй энгийн байшиндаа 40-өөд жил амьдарч, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлжээ.
Банкир Жим Уолтон хуучин тоосгон байшинд ажиллаж,15 жил явсан пикап унадаг
Walmart сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч Сэм Уолтоны хүү, Америкийн хамгийн баян гэр бүлээс гаралтай Жим Уолтон эцгийнхээ энгийн, даруу дадал хэвшлийг өвлөн авчээ. Тэрээр гэр бүлийн бизнес болох $16 тэрбумаар үнэлэгдсэн Arvest Bank-ийг удирддаг бөгөөд оффис нь хуучин тоосгон байшинд байрладаг гэнэ. Асар их хөрөнгөтэй ч Жим Уолтон спорт машины оронд пикапыг илүүд үздэг. Одоо 15 жил явсан Dodge Dakota пикап машин унаж байгаа.
“Phones 4u” компанийн үүсгэн байгуулагч Жон Каудвелл үсээ өөрөө засдаг
Их Британийн гар утасны зах зээлд өөрийн эзэнт гүрнийг байгуулсан энэ эрхэм одоог хүртэл маш хэмнэлттэй амьдардаг. Тэрээр үнэтэй вино уудаггүй, үсээ өөрөө засдаг, Marks&Spencer дэлгүүрээс бэлэн хувцас авдаг.Forbes сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:”Надад Savile Row-ийн хослол ямар ч хэрэггүй” гэж хэлжээ.
Inditex конгломератын үүсгэн байгуулагч Амансио Ортега ажилчидтайгаа хамт Zara компанийнхаа цайны газарт өдрийн хоолоо иддэг
Zara-ийн эзэмшигч ноён Ортега маш энгийн хүн гэнэ. Тэрээр эхнэрийн хамт олон айлын орон сууцанд амьдардаг ба өөрийн төрсөн Испани улсын Ла-Корунья хотын нэгэн кафед тогтмол хооллодог. Өндөр байр суурь эзэлдэг ч тун энгийн хувцасладаг тэрээр өдөр бүр хөх хүрэм, цагаан цамц, саарал өмд өмсдөг ажээ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь, ноён Ортега ажилчидтайгаа хамт компанийн цайны газарт өдрийн хоолоо иддэг гэнэ шүү!
Стэнфордын их сургуулийн профессор-саятан Дэвид Черитон цайны идээгээ 2 удаа ашигладаг
Стэнфордын их сургуулийн профессор, компьютерийн гоц ухаантан Дэвид Черитоны бодлоор хүмүүс хоол, хүнсэнд хэтэрхий их мөнгө зарцуулдаг бололтой. Тэрээр үнэтэй ресторанд хооллосны дараа үлдсэн хоолоо гэр лүүгээ аваад явдаг гэнэ. Үнэтэй машины оронд дугуй унах дуртай ба машины хэрэг гарвал түүнд 1986 оны Volkswagen микроавтобус, хуучин Honda байдаг. Тэрээр хувийн бус энгийн нислэгээр аялж, өндөр үнэтэй дизайнерын хувцасны оронд жинсэн өмд өмсдөг бөгөөд бүр цайны идээгээ хүртэл 2 дахин ашигладаг гэнэ.
Энэтхэгийн технологийн салбарын магнат Азим Премджи 00-ийн цаасны хэрэглээгээ хянадаг
Энэтхэгийн баян бизнесмен, Wipro Ltd. компанийн удирдагч Премджи зарлагаа маш няхуур хянадаг, гайхмаар хэмнэлттэй амьдралын хэв маягтай хүн ажээ. Минималист үзэлтэй саятан энэ эрхэм гадаад томилолтоос буцан ирэхдээ Бангалорын нисэх онгоцны буудлаас хот хүртэл гурван дугуйт рикша машиныг байнга хөлсөлдөг гэнэ. Тэрээр Toyota Corolla мэтийн зөвхөн хуучин машин унаж, энгийн суудлаар нисэж, 5 одот зочид буудалд бус компанийнхаа зочдод зориулсан байшинд байрладаг. Ноён Премджи ганцхан өөрөө хэмнээд зогсохгүй бусдыг ч мөн адил хэмнэлттэй амьдрахыг шаарддаг гэнэ.
Wipro компанийн оффис дахь ариун цэврийн өрөөний 00-ийн цаасны хэрэглээг өөрөө хянаж, ажилчдаа үргэлж гэрлээ унтраахыг сануулдаг ажээ. Түүний нэг ажилтан: “Премджигийн хажууд харамч Скруж авга ах хүртэл Санта Клаус шиг” хэмээн Bloomberg-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.