С.Сувд-Эрдэнэ: Асуудлаа шийдье, ажилтнуудаа тогтооё гэвэл дунд шатны менежерүүдээ сургаж, чадваржуулахад хөрөнгө оруул

Бизнесийн байгууллагын амжилт зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар бус, ажилтнуудаа хэрхэн сургаж, ур чадварыг нь тасралтгүй хөгжүүлдэг эсэхээр хэмжигддэг болсон билээ. Иймээс байгууллагын хөгжлийн энгийн боловч үр дүнтэй аргуудын талаар хүний нөөцийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай, зөвлөх багш,  “MLC Business School”-ийн Төсөл хариуцсан захирал С.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа.

Ажилтнаа хөгжүүлмээр байна гэж ярьдаг ч хүндээ хөрөнгө оруулдаггүй юм биш биз? 

Байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, судалгаа хийх үедээ ажилтнуудаас асуулт асуудаг. Тухайлбал, “Та ажлаа хийхдээ ур чадвар, нөөц боломжоо бүрэн ашигладаг уу?” гэхэд ихэнх нь “Тийм” гэж хариулдаг. Харин дараа нь “Та сүүлийн нэг жилд ур чадвараа хэрхэн яаж ахиулсан бэ?” гэсэн асуултад тодорхой хариулт өгч чаддаггүй. Эндээс ур чадвараа бүрэн зориулдаг ч сайжруулдаггүй гэсэн логик зөрчил харагдаж байгаа биз. Уг нь бол ур чадвараа тогтмол ахиулж байж л нөөц боломжоо бүрэн ашиглана шүү дээ. 

Байгууллагын удирдлагуудын хувьд “Ур чадвартай, өсөн дэвших чадвартай ажилтнууд бол манай хамгийн чухал нөөц ” гэж хариулдаг. Гэсэн хэдий ч “Тэгвэл та сургалт зохион байгуулах, ажилтнуудаа хөгжүүлэхэд хэр их хөрөнгө оруулалт хийж байна вэ?” гэж асуухаар л мөн л тодорхой хариулт өгч чаддаггүй. Эндээс үзэхэд ажилтнуудын ур чадвар чухал гэдгийг мэдсээр байж сурч хөгжихөд нь хөрөнгө оруулалт хийхэд анхаардаггүй гэсэн үг.

Энэ бол Монголын арван хүнтэй аж ахуйн нэгжээс 100-1000 ажилтантай томоохон байгууллагад ч ажиглагддаг нийтлэг сул тал юм. Тиймээс байгууллагаа хөгжүүлье, ахиц амжилт гаргая гэвэл хамгийн эхлээд ур чадварын үнэлгээ хийж хэрэгцээ шаардлагаа тодорхойлох ёстой. Үүнийг ажилтнуудаасаа санал асуулга авах, судалгаа хийх зэргээр дотоодын хүний нөөцийн мэргэжилтнүүд нь хийж болно. Ингэж тодорхойлсныхоо дараа сургалтад хамрагдах уу, көүчинг үйлчилгээ авах эсвэл онлайн хөтөлбөр сонгох эсэхээ шийдэх боломжтой. 

Бичлэг үзэх: 

Байгууллагынхаа цаг мөнгө, нөөцийг хэмнэе гэвэл дунд шатны менежерүүдээ сурга

Ажлаас гарах шийдвэр гаргасан хүмүүсээс учир шалтгааныг нь тодруулахад 60-аас дээш хувь нь шууд удирдлагын буюу дунд шатны менежерийн харилцаа, хандлага нөлөөлсөн гэж хариулсан байдаг. Тэр дундаа ажил төлөвлөж, зохион байгуулахдаа тааруу, хяналтаа зөв тавьдаггүй, итгэл хүлээлгэдэггүй, цаг тухайд нь магтаал талархал илэрхийлдэггүй зэргээр менежментийн чадвар сул байдаг нь тухайн байгууллагадаа ажиллах сэтгэл ханамжийг бууруулдаг гэжээ. 

Тухайн байгууллага ажилтнуудаа тогтоож, байгууллагынхаа хөгжлийг хурдасгахын тулд хамгийн түрүүнд дунд шатны менежерүүддээ онцгой анхаарахаас өөр аргагүй юм. 

Байгууллагуудын хувьд олон жил ажилласан туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүдээ менежер, албаны дарга зэрэг албан тушаалд томилчихдог. Гэвч мэргэжилдээ чадварлаг хүн бүр сайн менежер гэсэн үг биш шүү дээ. 

Зарим менежер ажлуудаа өөрөө л гардаж хийх гээд байдаг. Уг нь ажилтнуудыг зөв удирдан чиглүүлж, бүтээмжтэй ажиллуулах гол үүрэгтэй хүн шүү дээ. Үүнийг ойлгох гэж багагүй цаг хугацааг зарцуулдаг. Үүний ард мөнгө л урсаж байна гэсэн үг. Иймээс цаг мөнгөө алдахгүй байя л гэвэл дунд шатны менежерүүдээ сургах ажлыг хэзээ ч хойшлуулж болохгүй гэж удирдлагуудад аминчлан хэлье.


Мэдэмхийрдэг биш хэрэгжүүлдэг байж үр дүнд хүрнэ

Сонссон мэдсэнээ хэрэгжүүлдэг, үр дүнгээ шууд ажил дээрээ гаргадаг хурдан шаламгай, сониуч хүмүүс олон бий. Нөгөө талдаа “Аан мэднэ, мэднэ” гэж мэдэмхийрэхээс цаашгүй буюу ямар ч хариу үйлдэлгүй хүмүүс ч байна. Үүнээс л мэдлэг болон ур чадварын ялгаа харагдаж байгаа юм. Ямар ч хүн сурсан зүйлээ өөрөө туршиж, хэрэгжүүлж байж л чадварждаг. 

Ихэнх хүн багш ярина, би сонсоно гэсэн уламжлалт хандлагатай сургалтад ирдэг. Уг нь pro-active буюу суралцагчийн үйлдэлд төвлөрсөн сургалт хамгийн үр дүнтэй байдаг. Товчоор хэлбэл “багшийн хэлснийг сурлаа- өөрөө хэрэгжүүллээ- үр дүн гаргалаа” буюу суралцагч та энд гол үүрэгтэйг мартаж болохгүй.

Тэгэхээр ямарваа нэг сургалтаас сурсан мэдсэн зүйлээ амьдрал дээрээ хэрэгжүүлж, нэвтрүүлээд үз. Үүнээс 3-6 сарын дараа таны зан байдал, хандлага, үйлдэлд нөлөөлөөд үр дүн гаргасан байвал тухайн сургалт амжилттай боллоо гэж дүгнэж болно. 

Мэдээж хувь хүн сурч хөгжиж, сайжирч байгаа эсэх нь ажлын гүйцэтгэлээсээ л илт анзаарагддаг. Жишээ нь өмнө нь гүйцэтгэлд 3 цаг зарцуулдаг байсан  ажлаа 1 цагт болгох, 100 харилцагчтай байсан бол 200 харилцагчтай болж нэмэгдэх гээд үр дүнгүүд харагдаж, хэмжигдэж байдаг.  Харин 5,10 жилийн өмнө хийж байсан ажлаа өнөө л сурсан арга барилаараа хийсээр яваа бол цалингаа өсгөх, албан тушаал ахих тал дээр ямар ч найдваргүй л гэсэн үг. 


Мухардалд оров уу,  хөгжихөөс өөр аргагүйг ойлгов уу?

…Маш их ачаалалтай ажилладаг ч ахицгүй, гэр бүлдээ, хүүхдэдээ цаг зарцуулах завгүй, цалин хүрэлцэхгүй, албан тушаал ахих боломж харагдахгүй, амьдрал нэг л тойрог дотроо эргэж байгаа мэт санагдаж байвал ур чадвараа ахиулж, суралцах цаг болсны дохио. Нөгөө талаас илүү ихийг хийж бүтээх боломжтой санагдаж, дараагийн түвшинд бэлтгэмээр санагдаж байна уу? Энэ бол суралцах шаардлагатайг сануулж буй хэрэг. 

Харин энэ тохиолдолд та өөртөө юу хэрэгтэйг тодорхой мэдэж байгаа хэрэг. Яг ийм үедээ дараагийн шатанд суралцах хэрэгтэй.


Байгууллагын сургалт авахаас өмнө заавал судлах ёстой зүйлсийг мэдэх үү?

Зөвлөх багшаар ажиллаж буй 13 жилийн туршлага дээрээ үндэслэн байгууллагадаа сургалт авахаар сонирхож буй удирдлагуудад дараах зөвлөгөө өгье.

Нэгдүгээрт, танай байгууллага ямар нэгэн сургалт авах гэж байна уу. Тэгвэл эхлээд сургалт авахаар сонирхож, судалж буй байгууллагаа сайтар судлаарай. Тухайлбал тухайн чиглэлээрээ мэргэшсэн байгууллага мөн эсэхийг судлаарай. Ингэснээр цаг мөнгөө хэмнэнэ.

Хоёрдугаарт, тухайн байгууллага сургалтын агуулга, хөтөлбөрөө хэр давтамжтай шинэчилдэг эсэхийг сайтар асууж лавлаарай. Үүнээс сургалтын чанартаа хэр анхаардаг нь харагдана.

Гуравдугаарт, багш нар нь практик ур чадвар голлосон уу, эсвэл онолын мэдлэгт суурилсан уу гэдгийг харьцуулж үзэх нь чухал. 

Дөрөвдүгээрт, Монголын болон олон улсын байгууллагууд хэр үнэлсэн байдгийг шалгаж үзэхэд гэмгүй. 

Тавдугаарт, Сургалтын байгууллагыг Монголоор хязгаарлах хэрэггүй.

Өнөө үед зөвхөн Монголоор хязгаарлагдалгүй, гадаадын платформуудаас  сургалт авах бололцоо нээлттэй  болсон тул хамгийн үнэлгээ өндөртэй, үнэ цэнтэй сургалтуудыг сорчилж, судалж үзэхийг зөвлөе. 

Манай "MLC Business School” хувьд: 

сургалтын хөтөлбөр боловсруулах, 

зөвлөх үйлчилгээ үзүүлэх, 

 байгууллагын хэрэгцээнд тохирсон контент бэлтгэх зэргээр хамтран ажилладаг. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.