Бүжгийн спортод 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан "Мoon dance энтертайнмент” ХХК-ийн ерөнхий захирал, бүжгийн спортын багш, дасгалжуулагч, Очирхүүгийн Саранхүүд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ.

Тэрбээр 8,000 гаруй хүүхэд, залуучуудад спорт бүжгийн боловсрол олгож, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер 30, Бүжгийн спортын мастер 24, дэд мастер 10-ыг төрүүлж, “Сарны цом” бүжгийн спортын тэмцээнийг санаачлан тасралтгүй 10 жил зохион байгуулжээ.

Мөн үндэсний өв соёл, дахин давтагдашгүй ондоошил, үнэт зүйлсийг олон улсын тавцанд таниулан сурталчилж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийг 11 удаа удирдан дасгалжуулж, Финалын цом болон 5 удаагийн шагналт байранд шалгарч байсан билээ.

Энэ онд бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг хүртэж, багийн спортын төрөлд олон улсын менежментийг нэвтрүүлэн өндөр амжилт гаргасан юм.