Peak.mn
05 сарын 27, 2025
Ирэх зургаадугаар сарын 1-ний өдөр Португали улсын Брага хотод зохион байгуулагдах "Латин Хореографик Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн"-д оролцохоор "Star Girls" хамтлагийнхан өнгөрсөн даваа гаригт эх орноосоо мордлоо.
Өсвөрийн насны ангилалд тус багийнхан ийнхүү Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа юм. Тэд өнгөрсөн жилийн УАШТ болон Улаанбаатар хотын АШТ-д амжилттай оролцож дэлхийн аваргад оролцох эрхээ авсан ажээ. Энэ төрөл нь хосгүй, дан охид бүжиглэдэг төрөл бөгөөд өнгөрсөн жилээс ДАШТ-ий нэг төрөл болж орж иржээ.
Энэ хамтлаг нь "Стар" бүжгийн студид сүүлийн 3-4 жилийн турш хичээллэж байгаа 12-14 насны 7 тамирчин охиноос бүрдэж байгаа билээ. Багийн ерөнхий дасгалжуулагч, бүжиг дэглээчээр "Стар" хамтлагийн үүсгэн байгуулагч Д.Батсайхан ажиллаж байгаа бол дасгалжуулагч багшаар бүжгийн спортын ОУХМ, "Стар" хамтлагийн туслах дасгалжуулагч Б.Ууганцэцэг ажиллаж байна. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байгаа өсвөрийн бүжигчиддээ амжилт хүсье.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.