Монголын анхны геопаркыг байгуулна

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болон Рио Тинто групп хамтран “ЮНЕСКО-гийн соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсад анхны геопарк байгуулах ажлын эхлэлийг тавьлаа. 

Ингэснээр, нүүдлийн ахуй соёл, геологийн үнэт өв, дурсгал, орон нутгийн экосистемд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг өргөжүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх боломжийг бүрдүүлж байна. 

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү хамтарсан төсөл нь соёлын өвийн дурсгалт газруудыг хадгалан хамгаалах, тогтвортой аялал жуулчлалын үйл ажиллагааг сурталчлах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой юм. 

Төслийн нээлтийн ажиллагааг нээн Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг: 


“Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсад анхны геопаркийг байгуулах, ингэхдээ хувийн хэвшилтэй харилцаа холбоог идэвхжүүлэх замаар тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар тусгасан нь ийнхүү өнөөдөр бодит ажил хэрэг болж буйд туйлын баяртай байна. 

Энэхүү төсөл нь манай улсын онцгой, ховор геологийн өвийг онцлон таниулахын зэрэгцээ ирээдүй хойч үедээ эдгээр гайхамшгийг өвлөн авч, хамгаалан хадгалах үүргээ биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйн илэрхийлэл юм. 

Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай зэрэг сумдад геопарк байгуулах ажил зөвхөн Монгол орны байгалийн гайхамшгийг таниулах төдийгүй нутгийн иргэдийн чадавхыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, өв соёлоо хамгаалах үйлсэд бодит дэмжлэг болох болтугай” хэмээн хэллээ.

Мөн энэ үеэр ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан “Соёлын болон геологийн өвийн аль алиныг тогтвортой хөгжилтэй холбосноор бид орон нутгийн иргэдийн аж амьдрал, сайн сайхан байдлыг дэмжсэн тогтвортой эко системийг бий болгохыг зорьж байна. 

Мөн нутгийн иргэдтэй нягт хамтран ажилласнаар бид энэхүү өвийн үр өгөөжийг орон нутгийн түвшинд хүртэж, монгол орны соёлын болон геологийн өвөрмөц өвийг нутгийн иргэд өөрсдөө өмчлөх, түүгээр бахархах сэтгэлийг төлөвшүүлэхийг зорьж байна” гэж онцоллоо.

Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Бид Монгол Улсад хувийн хэвшлээс анх удаа ЮНЕСКО-той хамтран ажиллаж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн  урт хугацааны түншлэлийг байгуулсан билээ. 

Өнөөдөр анхны ЮНЕСКО-д бүртгэлтэй геопарк байгуулах түүгээрээ дамжуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх анхны төслийн нээлтээ хийж байгаадаа туйлын их баяртай байна. Бид Монголын баялаг бөгөөд өөрийн гэсэн онцлог бүхий биет ба биет бус соёлын өвийг олон улсад сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлж байна. 

Уул уурхайн компанийн хувьд байгалийн нөөцийг хүний хэрэглээнд хөрвүүлэх их үйлсийг гүйцэлдүүлэхдээ, үеийн үед өвлөгдөн үлдэх байгаль орчноо хадгалан хамгаалах нь бидний үүрэг хариуцлага билээ” гэж хэллээ.

Уг арга хэмжээний үеэр Соёлын өвийн үндэсний төв Монгол орны геологийн болон соёлын өвийг хадгалан хамгаалах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай танилцууллаа. 

Мөн Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгааны газрын дарга Н.Мөнхбилэг Монгол Улсад ЮНЕСКО-ийн дэлхийн геопарк байгуулах боломжийн талаар хийсэн судалгааны урьдчилсан үр дүн, ялангуяа гео-аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар танилцууллаа. 

Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын орлогч Х.Отгонжаргал Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг танилцуулав. Монголын үндэсний өв соёлыг гайхалтай өвөрмөц байлгадаг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид урлагийн үзүүлбэрээ толилуулсан нь тус арга хэмжээний онцлох үйл явдал байлаа. 

Энэхүү арга хэмжээ нь соёл, өв уламжлал, аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн чиглэлээрх мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэх боломжийг олгосон чухал үйл явдал боллоо. 



Холбоотой сэдвүүд

нүб рио тинто соёлын өв юнеско

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.