Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн энх тайвны хөгжил болон Солонгосын нэгдлийг дэмжих Монголын Форум” 2023 оны зургадугаар сарын 20-ноос 24-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жил хоёр Солонгос гал зогсоох энхийн гэрээ байгуулсаны 70 жилийн ой тохиож буй.Энэхүү үйл явдалтай холбогдуулан, энэ жил “Мongolia forum”-д Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Орос, Малайз, Непал, Америк Монгол зэрэг есөн улсын улс төрч, эрдэмтэд, нийгмийн салбарын төлөөллүүд оролцож, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын талаар хэлэлцэв.

Тэдгээр төлөөлөгчдөөс онцолбол, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Асемблейн гишүүн М Мён Сү, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, дипломатч, олон улсын хуульч Ж.Энхсайхан, Улсын их хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Зүүн Хойд Азийн Аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэнгийн захирал Н.Доржсүрэн, Солонгос судлалын төвийн захирал, доктор Б.Лхагваа тэргүүтэй төлөөлөгчид байлаа. 

"Дэлхийн энхийн их наадам" ТББ-ын захирал Н.Ганбат хэлэхдээ “Форумын ажиллагаанд Монголын ТББ-уудаас гадна АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Малайз, Балба, Энэтхэг, Японы ТББ-ын төлөөлөгчид, нийтдээ 40 гаруй төлөөлөгчөөс гадна БНСУ-ын Корёо, Ёнсэй, Чүннам их сургуулийн оюутнуудын төлөөлөл болон ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ -аас ёс зүйтэй, нийгмийн энтерпройнершип хуралдаанд илтгэл тавихаар энтерпройнерүүд, мөн сайн дурынхан оролцсон. Мөн Солонгосын "Ёнхап", Солонгосын эдийн засаг, "НьюсАйСис" зэрэг мэдээллийн агентлагууд ирж оролцсоноороо онцлог боллоо.Дараа дараагийн форум энэ эрчээр батжаад явах байх. Форумын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна” хэмээн онцолсон юм.

БНСУ-ын парламентын гишүүн асан Ким Чүн Хван “Дэлхий нийтэд олон улсын геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж буйтай холбоотойгоор яриа хэлэлцээ хийснээр л энхтайван тогтож, нэгдэж чадна” гэж хэлэв. 

Энэ жилийн форумд Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П Сингх ихээхэн ач холбогдол өгч оролцов. Тэрбээр Монгол Улсын “Тэрбум мод” төслийг сайшаан дэмжиж, форумд оролцогч, төлөөлөгчдийн хамт "IC park"-т мод тарьсан юм. 

Мөн БНСУ-аас зочид төлөөлөгчид, сэтгүүлч сурвалжлагчдын өргөн бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж, форумын үйл ажиллагаанд оролцож, мэдээ мэдээлэл авч, сурвалжлага бэлтгэсэн нь урд жилүүдийн форумуудаас илүү онцлог, өргөн хүрээнд болсныг илтгэж байлаа. 

Тодруулбал, “Mongolia forum”-д "Yeonhap News" агентлаг, Hankook Economy Daily Newspaper, The Korea Times,  Chosun weekly media-гийн сэтгүүлч сурвалжлагчид хүрэлцэн ирж, сурвалжлага, мэдээ мэдээлэл бэлтгээд буцсан юм. Монгол талаас Монцамэ агентлаг, Peak.mnсайт болон “Оргил медиа” группийн мэргэжлийн зураглаач, сэтгүүлчид ажиллав. 

“Зүүн хойд Азийн энх тайвны хөгжил болон Солонгосын нэгдлийг дэмжих Монголын Форум” Солонгосын хойгийн нэгдлийн Улаанбаатарын гэгдэх Монгол Улсын санаачилга бүх яриа хэлэлцээ бөгөөд энэхүү үйл ажиллагааг олон нийтийн “Солонгосын нэгдлийн нийгэмлэг” ТББ жил бүр зохион байгуулж ирсэн билээ. 

Тус форумд оролцсон зарим төлөөлөгчдийн сэтгэгдлээс хуваалцлаа. 

ЗҮҮН ХОЙД АЗИЙГ ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮС НУТАГ БОЛГОХ НЬ ЧУХАЛ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, "Солонгосын нэгдлийн нийгэмлэг”-ийн тэргүүн П.ОЧИРБАТ: 

-Манай форумд гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, зохиолчид гээд нийгмийн өргөн хүрээний хүмүүс оролцож, бүс нутгийн энхтайвны асуудлыг ярилцдаг уламжлалтай. Монгол Улс Зүүн хойд Азийн энхтайвны асуудлыг олон жил ярьж байна. 

Манай улс энэ бүс нутагт орших БНСУ болон БНАСАУ-тай аль алинтай нь дотно харилцаатай явж ирсэн

Өнөөдрийн дэлхийн том асуудлын нэг нь Зүүн хойд Азийн энхтайвны байдал бөгөөд энэ нь чухал хэвээр байсаар байна. Зүүн хойд Азийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох нь чухал юм. Энэ нь дэлхий нийтийн ач холбогдолтой асуудал болно. 


ХОЁР СОЛОНГОС НЭГДСЭНЭЭР ЯДУУ БУУРАЙ ОРНУУДАД Ч ИХ ИТГЭЛ, НАЙДВАР ТӨРҮҮЛНЭ

Чүннам Үндэсний их сургуулийн багш, Улс төр, дипломат хэргийн тэнхимийн доктор профессор ШИН ЖИН:

-Хоёр Солонгосын нэгдэл хэр ойртож байгаа талаар юуны өмнө танаас асуухыг хүсч байна. Жил бүрийн яриа хэлэлцээ ашиц дэвшил авчирч байна уу? 

-Бид Солонгосын сангаас тэтгэлэг аваад, энэ форумд оролцохын зэрэгцээ мод тарихаар төлөвлөж ирсэн. Солонгос улс ардчилсан байдлаар нэгдвэл дэлхийн найдвар, итгэл болно. Хоёр Солонгос нэгдэнэ гэдэг зөвхөн ардчилсан Солонгос улсын төлөөх асуудал биш, Хойд Солонгост байгаа иргэдийг аажмаар нэгтгэхийн төлөөх асуудал. 

Хоёр Солонгос нэгдсэнээрээ ядуу буурай орнуудад ч итгэл, найдвар төрүүлнэ. 

Яагаад вэ гэхээр Хойд Солонгос өнөөдрийн байдлаар ядуу буурай, хөгжөөгүй улсын тоонд ордог. Өмнөд Соонгостой нэгдээд, илүү сайн хүчирхэг улс болохын төлөө шинэ шалтгаан гарч ирээд, түүнийг харах боломж бий болно гэж найдаж байна. Шашнаар хуваагдсан улсууд ч гэсэн хоёр Солонгосын нэгдлийн дараа амархан нэгдэх дөт зам нээгдэнэ. 

-Хойд Солонгос сүүлийн жилүүдэд цөмийн зэвсгээр илүүтэй хөөцөлдөж, олон ч пуужин туршиж харвалаа. Өмнөд Солонгосын ард иргэдэд мэдээж таагүй байх нь ойлгомжтой. Ер нь Хойдын аюулаас өөрийгөө хамгаалах бэлтгэл хэр их хийдэг вэ? 

-Хэдэн жилийн өмнө Хойд Солонгосын цөмийн зэвсгийн тоо их байгаагүй учраас нэг их сүртэй хүлээж авдаггүй байлаа. Тиймээс тэр бүр анхаарал хандуулж байгаагүй. Одоогийн байдлаар Хойд Солонгосын цөмийн зэвсэг 20-60 бий гэсэн таамаглал бий. Өмнөд Солонгос өөрсдийн гэсэн цөмийн зэвсэггүй бол өөрсдийгөө хамгаалж чадахгүй гэж боддог. 

-Солонгосоос Монголд хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ирэв? Монгол Улсын “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж, туршлагаасаа хуваалцахаар ирсэн гэж дуулсан. Энэ талаар ярихгүй юу? 

-Бид нэгд, Солонгос улсаа сурталчлахын тулд Монгол Улсад ирсэн. Хоёрт, Монголд мод хэрхэн зөв тарих тухайд таниулж, зөв арчилгааны тоног төхөөрөмж авчирсан. Манай багийн хувьд БНСУ-ын Чүннам их сургуулийн оюутнууд, багш нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэй. Манай баг “Mongolian Solongos” нэртэй. 

Бид оюутнуудтай хамтраад эхний ээлжид 1000 ширхэг мод тарьж, туршиж үзэхээр ирсэн. Бидний авчирсан модны уут 3-4 хоногийн дотор усаа хийж, цэнэглэдэг уут байгаа юм. Энэ байдлаар цаашид үргэлжлүүлье гэсэн хүмүүс хоёр юм уу, гурав хоногоос ирээд уутаа усаар дүүргэх ажил хийж болно. 

Бид зөвхөн Улаанбаатар хотод бус, Дархан руу очиж мод тарьж, арчилгааны зөвлөгөө өгөх төлөвлөгөөтэй байна. Хэдийгээр нийтээрээ гудамж талбайд мод тарьж байгаа ч тэр моддыг өөрсдийнхөө хувийн мод шиг хайрлаж, зөв арчилж ургуулж байгааг харахыг хүсч байна. 

Монгол Улс моддыг арчилж, тордож байгаачлан илүү зөв хөгжөөсэй гэж хүсч байна.

Дэлхийн орнууд гудамж талбайдаа мод сайн тарьж ургуульж байгаагийн хэрээр ард иргэд ч эрүүл таатай орчинд амьдарч, өсөж хөгжиж байгаа юм. Монгол Улс ч гэсэн бусад улс орны адил моддоо арчилж ургуулахын зэрэгцээ гайхалтай улс гүрнүүд шиг гайхалтай улс орон болохыг хүсье. Солонгос улсад тэртээ жилүүдэд гадаадын хүмүүсээс мод тарьж ургуулаах талаар тусламж авч, суралцаж байсан түүх бий. 


“ЗӨВХӨН НЭГ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ БУС, БҮС НУТГААРАА 
ЭНЭ АСУУДЛЫГ ЯРИЛЦЪЯ”

Монголын Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, стратегийн хүрээлэнгийн захирал Н.ДОРЖСҮРЭН: 

-Энэ удаагийн форум илүү өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна. Форумын онцлогийн тухай та юу хэлэх вэ? 

-Энэ арга хэмжээ өмнө нь “One Korea” нэртэй явагддаг байсан. Өнгөрсөн жилээс “One Mongolia” гэсэн нэртэй зохион байгуулагдаж байна. Энэ жилийн арга хэмжээнд дэлхийн нэлээн олон орны төлөөлөгчид, тэр дундаа залуучууд их оролцож байна. Сонголын талаас ч, Монголын талаас ч залуучууд өргөнөөр оролцож байгаад их баяртай байна. Энэ нь маш давуу талтай. Ихэнх эрдэм шинжилгээний хурал, семинарыг голдуу судлаач, эрдэмтдийн түвшинд хийдэг, албан маягаар явагддаг бол энэ арга хэмжээ Зүүн Хойд Азийн асуудлаар залуучуудад оролцоотой байх, өөрсдийнхөө бодол санааг илэрхийлэх боломж олгож байгаагаараа илүү сонирхолтой, шинэлэг болж байна. 

-Та ямар сэдвээр илтгэл тавив? Илтгэлийнхээ гол агуулгаас хуваалцахгүй юу? 

-Дэлхийн хүмүүс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэлхий нийтээрээ 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр нэгдэж байна. Мэдээж улс болгон өөрсдийн гэсэн тогтвортой хөгжлийн зорилтын тайлангаа НҮБ-д гаргадаг. Манай улс ч гэсэн 2019 онд гаргасан. Энэ жил хоёр дахь нь гарна гэж ойлгож байна. Миний илтгэлийн гол зорилго бол зөвхөн нэг улсын тогтвортой хөгжлийн зорилтыг ярих биш, бүс нутгаараа энэ асуудлыг ярилцъя. Яагаад вэ гэвэл энэ асуудалд ганцаараа, дангаараа шийдэх боломжгүй асуудлууд их байна. 

Манай байгууллага судалгааны байгууллага. Судлаачдын хамтын платформ бий болгохзорилт тавьж байгаа юм. Яагаад гэхээр тогтвортой хөгжлийн зорилт гэдэг нэг улсын юм уу, нэг Засгийн газрын хэрэгжүүлэх асуудал биш юмаа гэдэг санаа. Бүх оролцогч өөрсдөө идэвхтэй байж байж тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын зорилтуудыг хэрэгжүүлэх механизм аль хэдийнэ бүрдсэн байна. Цаашид хэрэгжүүлэх юм гэдэг үүднээс оролцогчдод танилцуулахыг зорилоо. 

-Жил бүр хоёр Солонгосын нэгдлийн асуудлыг ярьж хэлэлцэж байна. Солонгосын хойгийн аюулгүй, энх тайван байдалд ахиц дэвшил гарч байна гэж та үзэж байна уу? 

-Хоёр улс хөгжлийн замналын хувьд тэс өөр. Хойд Солонгос нэг намтай тогтолцоотой. Өмнөд Солонгос ардчилсан, чөлөөт эдийн засгийг баримталж байгаа орон. Энэ хоёр улс шууд өнөөдөр нэгдэж нийлнэ гэдэг хэцүү. Энэ асуудал олон жил яригдаж байна. Өнөөдрийн арга хэмжээн дээр ч гадаад, дотоодын судлаач нар Хоёр Солонгос нэгдэх ямар бололцоо байна вэ гэдэг дээр төвлөрч ярилцлаж байна. 

Залуучуудын түвшинд нэгдлийн асуудал, ялангуяа Өмнөд Солонгосын хувьд нэлээн сул байх шиг байна.

Зарим хүн хоёр Солонгосын нэгдлийн асуудал үлгэр гэдэг. Гэхдээ бид энэ сэдвийг хөндөж байгаа нь чухал. Хоёр өөр улс ч гэсэн нэг үндэстэн. Хойд, Өмнөд Солонгос хоёулаа энэ асуудлыг хөндөж, нэгдэх ёстой гэж, энэ сэдвээр судлаач, эрдэмтэд Улаанбаатарт ирээд ярилцаж байгаа нь чухал юм