Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага болох Улсын Их Хурал (УИХ)-аар уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.

            Иргэд Үндсэн хуулийн уг заалтын дагуу удахгүй болох УИХ-ын сонгуулиар дамжуулан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага болох УИХ-д ажиллах төлөөлөгчдөө сонгоно. Тиймээс сонгуульд хэрхэн оролцох вэ, саналаа өгөхдөө юунд анхаарах вэ, сонгуульд оролцох нь яагаад чухал вэ зэрэг ойлголтыг иргэд, сонгогчдод хүргэх нь чухал юм.

Цогц Хөгжлийн Үндэсний Төв Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн дэмжлэгтэйгээр сонгогчийн боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд залуу сонгогчдод зориулсан гарын авлага боловсруулжээ. 

Уг гарын авлагад УИХ гэж юу вэ, УИХ ямар чиг үүрэгтэй вэ, иргэдийн саналыг УИХ-д хэрхэн хуваарилах вэ, УИХ-ын үйл ажиллагаанд иргэд хэрхэн оролцох болон хяналт тавих вэ, хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэлд автахаас хэрхэн сэргийлэх вэ, жендерийн эрх тэгш байдлыг хангах нь ямар ач холбогдолтой вэ зэрэг агуулгыг зурагт дүрслэлээр тайлбарлан танилцуулсан байна.

Гарын авлагатай Uih.mn талбарын “Судалгааны сан” цэсээр орж танилцах боломжтой. Гарын авлагын холбоос https://www.uih.mn/sudalgaa/s/360

Мөн Цогц Хөгжлийн Үндэсний Төвийнхөн Улаанбаатар, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр аймгийн 500 гаруй залуу сонгогчдод сонгогчийн боловсрол олгох цуврал сургалт зохион байгуулжээ.

Сонгогчдын боловсролд зориулсан цуврал контентыг Цогц Хөгжлийн Үндэсний Төв фэйсбүүк хуудаснаас үзэх боломжтой. 

Холбоос https://www.facebook.com/tsogtshugjil