"Тэнгри" компанийн үүсгэн байгуулагч түүнийг Нэнси Жонстон гэдэг. Тэрээр сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг Америкийн хүрэм үйлдвэрлэгчдэд таниулах ажлыг эхлүүлжээ. Учир нь тэдний хувьд ноолуурыг орлуулах цоо шинэ бүтээгдэхүүнийг таниулна гэдэг амаргүй ажил  юм. Нэнси Жонстон "Энэ бол гайхалтай бүтээгдэхүүн, харамсалтай нь хүмүүс мэддэггүй учраас зах зээл дээр танигдаж чадаагүй байна" гэв. Өнөөдрийн байдлаар сарлагийн хөөврөөр хийсэн нэг хүрэм 11-12 мянган ам.долларын үнэтэй зарагдаж буй.

Үүнээс гадна сарлагийн хөөвөр байгаль экологид ч ээлтэй. Учир нь сарлаг ямаатай харьцуулахад бэлчээрийг бага талхалдаг. Гэсэн ч ноолууртай ижил хэмжээний чанартай бүтээгдэхүүн билээ. Хэрвээ ямааны ноолуурын оронд сарлагийн хөөвөр ашиглавал Монголчууд нүүдэлчин хэв маягаа, онгон дагшин байгалиа хадгалж чадна хэмээн тэрээр ярьж байна. Энэ бүх үнэ цэнийг малчдад ойлгуулахын тулд Нэнси Жонстон багагүй хугацааг зарцуулсан бөгөөд одоогоор 4500 малчинтай хөөвөр авах гэрээ хийгээд байгаа ажээ.