Нутаг орноо зорьж буй аялагчид төдийгүй наадамчдыг эргэн тойрондоо, байгаль орчиндоо “Цэвэрхэн наадъя” уриалгад нэгдэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уриаллаа.

Уг уриалга нь тус яамнаас хэрэгжүүлж буй "Хандлагаа өөрлөе" ажлын нэг хэсэг юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах уг ажилд хувийн хэвшлийн 20 гаруй байгууллага хамтран ажиллахаар болжээ.

Мөн сайн дураар ажиллах байгууллагууд ч цөөнгүй байгаа аж.

"Хог боловсруулах үйлдвэр эрхэлж буй ААН-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 400 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн, удахгүй Үндэсний хөгжлийн газраас төр, хувийн хэвшлийн концессын шугамаар хог хаягдлын үйлдвэрийн гэрээг удахгүй үзэглэнэ. Ингэснээр бид хогоо ангилан, ялгадаг улс болно" гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцолсон юм. 

Мөн “Цэвэрхэн наадъя” гэсэн сэдвээр сэтгүүлчдийн дунд уралдаан зарлаж, шилдэг шийдэл санал болгосон бүтээлийг шалгаруулах юм байна. 

Наадмын дараа улс орон даяар "Цэвэрхэн Монгол" бүтэн жилийн аяныг зарлана гэлээ.