Монгол орон даяар хэрэгжих, ЕБС-ийн 400.000 сурагчийн англи хэлний ярианы чадварыг хиймэл оюунд суурилсан технологийн дэвшлээр ахиулах хамтралыг дэмжиж, холбогдох талууд санамж бичигт гарын үсэг зурж, холбогдох гэрээнүүдийг хийж дууслаа. 

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий газартай хамтран төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, нийгэм эдийн засгийн хүрээнд хүрэх үр дүнг үе шаттай танилцууллаа. Төрд санхүүгийн дарамт учруулахгүйгээр хувийн хэвшлийнхэн нэгдэж төслийг орон даяар хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлж байна. Энэхүү түншлэлд боловсролыг дэмжиж, мэдлэгийг санхүүжүүлэхэд стратегиа чиглүүлдэг Голомт банк, Инвескор Капитал, Тэсо Групп нэгдэж,  хамтран хэрэгжүүлэгчээр оролцоно.

Товчхондоо, дэвшилтэт технологийн тусламжтай богино хугацаанд алслагдмал хэсгүүдтэй Монгол орон даяар өөрчлөлтийг удирдах замаар шинэ үеийнхний амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Англи хэлийг хоёрдагч хэлний хэмжээнд авч үзэж, ахиулж чадсан улсуудын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийнх нь орлого, амьдралын чанар эрс сайжирсан байдаг. 

/Графикаас харна уу/


Уг төслийг санаачлан, хэрэгжүүлэгч Гүрэн Академи боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор 17 сая ам.доллартой тэнцэхүйц мэдлэгийн хөрөнгө оруулалт бүхий төслийг Америк-Шведийн “Астрид” компанитай энэ наймдугаар сард үзэглэснээр тухайн төсөл Монголд хэрэгжих боломж үүссэн.


Чанартай боловсролыг хүртээмжтэй болгох НҮБ-ийн дөрөвдүгээр зорилго  болон Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” зорилтыг уг төсөл бүрэн хангаж буй. Төслийн хүрээнд интернэтийн дундаж хурд ба бага хэрэглээ шаарддаг хиймэл оюунд суурилсан технологиор дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд Оксфордын тусгайлан хөгжүүлдэг контентуудыг хүргэж ажиллана. 

Мөн хүүхэд бүрийг тэгш боломжоор хангах, багш нарын ажлын ачааллыг хөнгөлөх, чадавхжуулах, англи хэлний боловсролын ерөнхий түвшнийг тогтмол нэмэгдүүлэхэд чиглэх оновчтой бодлогыг нарийн тодорхойлоход туслах их өгөгдөл бий болж, цаашид бодлого тодорхойлогчдод дэмжлэг үзүүлнэ. 

Төслийн хэрэгжилтээр дамжуулан интернэтийн хэрэглээнд төрөлжилт бий болгож, цахим боловсролын арга талбаруудыг ашиглан чанартай мэдлэг олж авахад өөрийгөө удирдан чиглүүлдэг болгоход хөтлөх дунд хугацааны зорилгыг мөн давхар тээж байна.  


Төслийн нэгдүгээр шатанд Боловсролын Ерөнхий газартай хамтран орон даяар 3100 Англи хэлний багш нарын гадаад хэлний мэдлэгийн түвшин ба бэрхшээлийг тодорхойлж, “Astrid” платформ дээр суралцах цаашлаад сурагчдаа бүртгэж оруулж ирэх, тэдний сурах явцыг хянах, удирдан чиглүүлж сургана. 

Хоёрдугаар шатанд, орон даяар ангийн зохион байгуулалтаар нийт 400 мянган хүүхдэд “ASTRID” аппликейшн платформ дээр нэвтрэх эрх нээж өгөх бөгөөд бүх өгөгдөл мэдээллийг багш харах, түүнд суурилсан нэмэлт шийдвэрүүд гаргах, даалгавар өгөх гэх мэтээр датад суурилсан шийдвэр гаргалтуудыг хийж эхэлнэ.


Гуравдугаар шатанд, Монголын тухай контент нэмэгдэж, Монгол төдийгүй олон улс даяар тухай аппликейшнаар хичээл үзэж буй хүүхдүүд үзэж эхэлнэ. Энэ нь нөгөө талаас соёлын сурталчилгаа болох учиртай. Цаашлаад салбарын хүрээнд датад суурилсан бодлогын саналуудыг Оксфорд болон Астрид боловсролын компаниас өгнө гэх мэт ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр зэхэж байна.