Монголчууд адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулан экспортод гаргадаг болжээ. 

Одоогоор “МОН ТОРГОН ДЭЛ” ХХК байгуулагдаад бөгөөд “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт тусгагдсан гол чухал үйлдвэрүүдийн нэг юм. 

Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа нилээн дээгүүрт ордог төдийгүй, нийт дэлхийн зах зээлийн 40% монголын дээрх бүтээгдэхүүн эзэлдэг.

Харин уг үйлдвэр байгуулагдсанаар чанар стандартын шаардлага хангасан хагас боловсруулсан бүтээгдэхүүний зохих стандартын  савлагаатайгаар экспортод гарч эхэлж байна. 

Тус үйлдвэрт одоогоор 60 орчим ажилтан ажиллаж,  өдөрт дундажаар 200 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэн БНХАУ-д экспортолж байна. Одоогийн суурилагдсан хүчин чадал нь өдөрт 500 кг боловсруулах боломжтой.

Манай улсын хэмжээнд  жилд дунджаар адууны дэл 300 тн, адууны сүүл-100тн, сарлагийн сүүл-60 тн, сарлагийн саваг 30 тн, тэмээний эр ноос- 400 тн бэлтгэх түүхий эдийн нөөцтэй юм.

Цаашид эдгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Европын орнуудад экпортод гаргах, боловсруулалтын түвшингээ ахиулан гадаад, дотоодын зах зээл дээр 3-5 нэр төрлийн бүтээгдэхүүн /уран зургийн бийр, эмэгтэйчүүдийн гоо сайхны бийр, сормуус, парик/  үйлдвэрлэн гаргахыг зорьж байна. 

Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран уг үйлдвэр ширхэгт бүтээгдэхүүний савлагааны MNS  0215:2018MNS0215:2007 техникийн зохицуулалтыг боловсруулан батлуулж, мөрдөн ажиллаж байна. 

Адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг урт богино хэмжээгээр нь, хар цагаан бор өнгөөр нь, ангилан ялгаж, угааж ариутган багцалж савлан гаргаж байна.

Эдгээр бүтээгдэхүүн нь ширхэгт бүтээгдэхүүн дотроо хамгийн өндөр чанартайд тооцогдог, урьд өмнө нь ашиглагддаггүй байсан нөөцийг ашиглан нэмүү өртөг шингээн,  экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хөнгөн үйлдвэрийн салбарт бас нэгэн дэвшил, нийгэмд үзүүлж буй үр ашгаараа ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.