Б.Номин
11 сарын 17, 2025
“Милан-Кортина-2026” өвлийн олимпын XXV наадам нээлтээ хийхэд 80 хоног үлдлээ. Итали улсын Милан, Кортина хотод 2026 оны хоёрдугаар сарын 6-22-нд болох өвлийн олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнүүд эдгээр өдрүүдэд үргэлжилсээр байна. Монгол Улсаас одоогоор гүйлтийн цанын хоёр тамирчин эрхийн болзол хангасан бол өнгөрөгч долоо хоногт уулын цанын төрлөөр нэг тамирчин олимпод уралдах болзол хангалаа. Ингэснээр Монгол Улсын баг тамирчид “Милан-Кортина-2026” өвлийн олимпын наадамд гурван тамирчин оролцохоор боллоо. Гэхдээ дахин спортын төрлүүдэд олимпын эрх нэмэгдэх боломж бий.
ГҮЙЛТИЙН ЦАНАЧДААС Б.АЧБАДРАХ, Э.АРИУНТУНГАЛАГ НАР УРАЛДАНА
Монголын гүйлтийн цанын шигшээ багийн тамирчин, “Пёнчан-2018”, “Бээжин-2022” олимпын наадамд оролцсон Б.Ачбадрах гурав дахь олимпын наадамд уралдана. Түүний хувьд “Милан-Кортина-2026” наадамд оролцох Монголын багийн эхний эрхийг авсан билээ. Б.Ачбадрах “Харбин-2025” Азийн наадам болон олон улсын цуврал тэмцээн, дэлхийн цомд оролцсон амжилтаараа гурав дахь өвлийн олимпын наадамд уралдах юм.
Мөн Монголын гүйлтийн цанын багт дахин нэг эрх буюу эмэгтэй цаначдаас нэг тамирчин олимпод уралдана. Энэ эрхийг Э.Ариунтунгалаг хангасан. “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд эмэгтэй цаначдаас Э.Ариунтунгалаг хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн билээ. Монголын гүйлтийн цаначдаас энэ удаа хоёр тамирчин олимпын наадамд уралдах болзлыг хангаж Олон улсын олимпын хорооноос анхны урилгыг авсан юм.
УУЛЫН ЦАНААР АНХ УДАА ОЛИМПОД УРАЛДАНА
Монгол Улсын цанын үндэсний шигшээ багийн тамирчин, уулын цаначин А.Ариунбат “Милан-Кортина-2026” өвлийн олимпын XXV наадамд оролцохоор болсон. Тэрээр Монголын уулын цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор өнгөрөгч долоо хоногт Дубай хотод болсон тэмцээнээс олимпын эрхийн болзлыг хангасан. А.Ариунбат Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулагдсан дөрвөн гараатай олон улсын тэмцээнд зургаадугаар байр эзлэн 88.55 оноо, долоодугаар байр эзлэн 94.94 оноо тус тус авч, олимпын эрхийн таван гарааны дундаж оноо 120 онооноос доош байх шаардлага болзлыг биелүүлж 108.18 оноогоор олимпод уралдах болзлыг хангалаа. Ийнхүү Монгол Улсаас “Милан-Кортина-2026” өвлийн олимпын гурав дахь эрхээ уулын цанын төрлөөр авсан нь өвлийн спортынхоны онцлох нэг амжилт болсон юм.
МОНГОЛЫН БАГТ ОЛИМПЫН ЭРХ ДАХИН БИЙ ЮУ?
“Милан-Кортина-2026” өвлийн олимпын XXV наадам нээлтээ хийхэд 80 хоног үлдсэн ч зарим спортын төрлүүдэд олимпын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна. Монголын тэшүүрийн тамирчдаас М.Борхүү өнгөрөгч долоо хоногт залуучуудын дэлхийн цомын тэмээнд оролцсон. Тэрээр оюутны Универсиад наадам болон “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд өндөр амжилт гаргасан тэшүүрчдийн нэг юм. Мөн эмэгтэй тэшүүрчдээс Б.Гэрэлтуяа 2024-2025 оны улиралд хамгийн өндөр амжилттай яваа. Түүний хувьд олимпод уралдах цагийн болзолд хамгийн ойр байгаа тамирчны нэг юм. Гүйлтийн тэшүүрчдийн цуврал тэмцээнүүд ирэх сард үргэлжилнэ.
Монголын биатлоны шигшээ багийн тамирчин Э.Энхсайхан тэргүүтэй биатлончид ирэх оны нэгдүгээр сар хүртэл олон улсын тэмцээнүүдэд оролцоно. Биатлоны баг тамирчид “Милан-Кортина-2026” өвлийн олимп наадамд нэг эрх авах зорилготой бэлтгэлээ хийж байгаа. Энэ удаа шигшээ багийн тамирчид Европ тивд олон улсын бэлтгэлд хамрагдаж, цуврал тэмцээнүүдэд оролцох юм.
“Милан-Кортина-2026” өвлийн олимпын XXV наадамд Монголын баг одоогоор гүйлтийн цана болон уулын цанын нийт гурван эрхтэй болсон. Харин ирэх оны нэгдүгээр сарын 18-н хүртэл зарим спортын төрлөөр олимпод оролцох эцсийн нэрс гарах юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.