М.Идэрбаатар: Робот угсардаг, хиймэл оюун хөгжүүлдэг, зохион бүтээдэг инженерүүд л Монголыг хөгжүүлнэ

Х.Уянга
06 сарын 30, 2025

Шинэ Монгол Технологийн их сургуулийн Компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч М.Идэрбаатартай ярилцлаа.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

Инженер = Зохион бүтээгч

Инженер хүнийг зохион бүтээгч гэж хэлж болно. Инженерийн ажил шинэ санаа гаргахаас л эхэлнэ. Ингээд зурагаа зурна, симуляци хийнэ, тооцоолно. Энэ олон шат дамжлагыг дамжиж үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Харамсалтай автомашин засдаг, тосонд хутгалдчихсан хүн байдаг гэх хандлага олон нийтийн дунд түгээмэл. Намайг оюутан байхад программ хангамжийн инженер гэхээр компьютер форматалдаг хүн гэж ойлгодог байсан. Одоо ч тэгж боддог хүн байсаар байна. 

12-р ангийн сурагчидтай уулзаад, мэргэжил сонголт ярихаар ихэнх нь инженер мэргэжлийн талаар нарийн ойлголтгүй "Хуульч юм уу, эдийн засагч болно" гэдэг. Эцэг эхчүүд ч ялгаагүй. Механик инженер гэхээр автын засварчин гэж ойлгодог. Бодит байдалд механик инженерүүд нарийн технологи дээр, бүр хиймэл дагуул хүртэл угсрах боломжтой байдаг. 

Сүүлийн үед өгөгдөл, хиймэл оюунд суурилсан ‘AI архитектор’-ууд хүртэл бий болж байна.

Нөгөөтээгүүр жил бүр ахлах ангиа төгсөж буй сурагчдын ердөө 20 хүрэхгүй хувь нь л энэ мэргэжлийг сонгон суралцаж байгаа нь инженерүүд дутагдах гол шалтгаан болж байна. Үнэнийг хэлэхэд манай улс эдийн засагч, эрх зүйчээс их мэргэжилтэнгүй болчихсон. Цаашлаад AI буюу хиймэл оюуны нөлөөгөөр зарим нийгмийн салбар удаан оршин тогтнохгүйд хүрээд байна. Багш нар хүртэл лекц, илтгэлээ үүний тусламжтайгаар хийдэг болчихсоноор зогсохгүй, эсээ бичих, судалгаа боловсруулах гээд хиймэл оюун бидний өдөр тутмын амьдрал чухал байр суурь эзэлж байна.

Инженерүүд асуудлыг бодитоор харж, шийдвэрлэж чаддаг 

Сүүлийн жилүүдэд монгол оюутнууд хиймэл оюун ухаанд суурилсан бүтээлүүдээр олон улсын хэмжээнд амжилт үзүүлж, үнэлэгдэж эхэллээ. Тухайлбал, өнгөрсөн жил манай инженерийн чиглэлийн оюутнууд “EX cup” нэртэй олон улсын тэмцээнд оролцож, өндөр нарийвчлалтай оношилгооны болон хүрээлэн буй орчныг шинжлэх AI технологид суурилсан системийг зохион бүтээж багагүй амжилт гаргаад ирсэн.

Нэг оюутан утасны микрофон ашиглан хүүхдийн дуу хоолойг шинжилж, уушгины хатгалгаа туссан эсэхийг 97 хувийн нарийвчлалтай таньдаг хиймэл оюуны систем бүтээсэн. Өөр нэг оюутан утасны камер ашиглан орчны зургийг боловсруулж, тухайн газарт агаарын бохирдлын хэмжээ ямар байж болохыг таамаглах систем хөгжүүлсэн байсан.

Эдгээр төсөл зөвхөн технологийн дэвшил төдийгүй нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэрэг олон нийтийн амьдралд бодитой хувь нэмэр оруулж болохоор шийдлүүд болсон. 

ЗурагТайлбар




Бидэнд үйлдвэрлэгч орон болох, зохион бүтээгч байх сэтгэлгээ дутаж байна

Монгол Улс газрын доорх баялгаар дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг ч, бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлийн үе шат дээр гацчихаад байгаагийн цаана инженерүүдийн асуудал хөндөгддөг. 

Зэсээ олборлож гаргачхаад, кабель болсон хойно нь Хятадаас илүү өндөр үнээр буцааж худалдаж авдаг улс дэлхийд ховор байх. Ган хайлуулах нүүрс манайд байсаар байтал төмрийн үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь инженерийн хомсдолт орсны хамгийн том илрэл.  

Миний анзаарсан нэг зүйл гэвэл Монгол Улс үйлдвэрлэгч орон болох боломжтой гэдэг ч үүнд зорьдоггүй. Нөгөөтээгүүр зохион бүтээгч байх сэтгэлгээтэй хүмүүсээр дутагдаж байна.

Бид “газар нутгаа хамгаалах”, “эх оронч сэтгэлгээ” гэх ойлголтыг цэрэг зэвсэг, хил хамгаалагчтай хэт холбож ойлгодог. Гэтэл өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнол, технологийн бие даасан байдал гэдэг нь инженерүүдийн сэтгэлгээ, бүтээл дээр л тогтож байна.

Цаашдын хөгжлийн түлхүүр бол инженер. Бидэнд түүхий эд байна, өргөн уудам газар нутаг байна, зах зээл нь ч байна. Одоо үүнийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон хувиргах инженерүүд хэрэгтэй.

Инженер болъё гэвэл бүх боломж нь нээлттэй байна 

Элсэлтийн ерөнхий шалгалтаар 600-аас дээш оноо авсан бол, голч дүн нь 2.8-аас дээш байвал инженер мэргэжлээр үнэ төлбөргүй сурах боломжийг Засгийн газар нээгээд өгчихсөн. Харин тухайн сургуулийн хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн байх ёстой гэдгийг анхаараарай.  

Шинэ Монгол Технологийн их сургууль бол Монголын хамгийн отгон их сургууль. Гэсэн хэдий ч гадаад харилцаа сайтай, оюутнуудаа бүхий талаар дэмжихийг чухалчилдаг. Миний анхны шавь нарийн нэг Бат-Оргил гэдэг залуу бий. ‘Чимэгэ’ системийг зохион бүтээсэн гэдгээр нь хүмүүс сайн танина. Анх манай программ хангамжийн анги хоёрхон хүүхэдтэй, би өөрөө хичээлээ заадаг байлаа. Тэр үеийн бодвол одоо 250 гаруй оюутантай болчихсон, манай хамт олон ч өргөжиж байна. 


Шинэ Монгол Технологийн их сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийн талаар мэдээлэл авах бол та ЭНД дарна уу.

Холбоо барих: 7577 7799

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.