Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгүүдийг хуваарийн дагуу гүйцэтгэж буй. 

Энэ хүрээнд өнөөдөр буюу 9 дүгээр сарын 23-ны 08:36 цагт Унгар улсын Будапешт, Герман улсын Франкфуртаас иргэдээ авчрах тусгай үүргийн нислэг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Будапешт хот руу хийгдэх энэхүү нислэг нь Унгар улс руу зорчигчтой үйлдэж буй анхны нислэг гэдгээрээ онцлог юм.

Тус нислэгээр Засгийн газрын тэтгэлгээр болон тус улсын их, дээд сургуульд суралцаж буй 120 гаруй монгол оюутан Будапешийг зорив.

Тус онгоцоор 250 орчим  иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш 05:20 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна. Тэдгээр иргэнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлана.

Одоогийн байдлаар МИАТ-ын онгоц АНУ-ын Сиатл, Австралийн Сидней, Чехийн Прага хотууд руу анхны шууд нислэгийг амжилттай үйлдэж, иргэдээ эх оронд нь авчирсан байна.