Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг “Энхийн шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 11 дэх удаагаа “Чингис хаан” үндэсний музейн “Хүндэтгэлийн өргөө”-нд амжилттай болж өндөрлөлөө. “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын тэргүүн Г.Ганбат ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ нийгмийн сайн сайхны төлөө, иргэдийн ая тухтай амьдралын төлөө сэтгэлээ чилээж, хүч хөдөлмөрөө зориулж яваа хүн салбар салбарт олон буйг онцлоод, 2023 оны “Энхийн шагнал”-ын эзнийг зарлав. Туулай жилийн “Энхийн шагнал”-ыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин Л.Лхагвасүрэн хүртэж, хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид шагнал эзнээ олсон талаар ам уралдан магтаж байлаа.


ХАРИЙН ОРОНД СУРСАНАА ЭХ ОРОНДОО НУТАГШУУЛЖ БУЙ ЭРДЭМТ ХҮМҮҮН

Лхагваагийн Лхагвасүрэн. Монголын дорнод талд мал аж ахуй, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ хосолсон фермерийн аж ахуйн инновацлаг шийдэл нэвтрүүлж, нүүдлийн соёл иргэншлийг орчин үед нийцүүлэн хөгжүүлэх, хамгаалах үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм. Тэрбээр 1988 онд Ардчилсан Германы Халле хотын Мартин Лютерын их сургуульд экологич мэргэжлээр, 1991 онд МУИС-д агнуур зүйч, экологич мэргэжлээр тус тус суралцан төгссөнөөс хойш байгаль орчны салбарт тасралтгүй 35 жил ажиллаж байна.

Эцэг, эхээ даган 22 жил гадаадад боловсрол эзэмшсэний дараа Монголдоо ирж, 1988-2000 оны хооронд Их нуруудын хотгорт цагаан зээр нутагшуулах, тусгай хамгаалалттай газар байгуулах биологийн судалгаа хийсэн. Мөн Хан Хэнтийн Дархан цаазат газар, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газруудыг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, Их нууруудын хотгорт хөхтөн, шувуудын судалгаа хийх зэрэг ажлуудыг Германы эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэсэн байна.

2000 онд гэр бүлээрээ АНУ-д шилжин суурьшиж, 18 мужид байгалийг нөхөн сэргээх олон ажил хийжээ. Үүний сацуу хүүхдүүдийнхээ боловсролд онцгой анхаарч, амьдралынхаа 20 жилийг зориулсаны хүчинд хүүхдүүдээ Принстоны их сургууль, Лондоны их сургууль, Пенсильваний их сургууль, Иелийн их сургууль зэрэг дэлхийн шилдэг сургуулиудад сургаж чадсан бахархалтай аав, өрхийн тэргүүн юм.

Л.Лхагвасүрэн 2012 онд Монголдоо эргэн ирж, Дорнод аймгийн Баянтүмэн суманд “Зүүн Хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийг үүсгэн байгуулжээ. Энэхүү төв нь Монгол Улсын зүүн бүс болох Дорнод аймгийн хээрийн суурин судалгааны анхны төв гэдгээрээ онцлогтой.

2012 оноос хойш төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн гадаад харилцаагаа тэлж, Япон, Хятад, Герман, Австри, АНУ, Унгар зэрэг орны эрдэмтэдтэй хамтран хөрсний чийг болон түүнийг хадгалах судалгаа, Зүүн хойд Азийн бүс нутагт ховор ургамлууд, тэдгээрийг тарималжуулах, тал нутгийн эко системийг хамгаалах зэрэг олон судалгааг тус тус амжилттай хийсэн байна.

Бэлчээрийн эко системийг хадгалж үлдээх судалгааны зэрэгцээ өдрөөс өдөрт эзгүйрч, хөдөөгөөс дайжиж хот руу шилжих урсгалыг зогсоох шийдэл болгон “Монгол өрх үндэсний загвар аж ахуй”-г боловсруулж, багийн бага сургуулийг санаачлан Дорнод аймгийн Баянтүмэн сумын дөрөвдүгээр багт байгуулан туршиж багагүй ахиц гаргаад байгаа ажээ.

Л.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан багийн бага сургууль “Хөдөө орон нутагт эцэг, эхчүүд хүүхдээ 6 нас хүрэхээр сургуульд сургахын тулд тусдаа амьдарч, улмаар хөдөөгийн залуу гэр бүлүүд задарч, олон залуу гэр бүл илүү тухтай амьдрал зорьж дайжсанаар хөдөө орон нутаг улам эзгүйрч байгаа” эмгэнэлийг багасгах зорилготой хэрэгжүүлж эхэлсэн шийдэл юм байна.

Мөн Л.Лхагвасүрэн 2016 оноос Дорнод аймгийн Баянтүмэн суманд цаг уурын цахилгаан станц байгуулжээ. Тус цахилгаан станц 30 минут тутам 7 үзүүлэлтээр мэдээлэл цуглуулдаг, бүс нутгийн байгаль цаг уурын судалгаа шинжилгээнд чухал ач холбогдолтой мэдээллийг 7 дахь жилдээ тасралтгүй цуглуулж, бүртгэж, мэдээлж байна.

Түүнчлэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Технологийн төвөөс явуулсан төслийн сонгон шалгаруулалтад 135 орноос сонгогдон “Орон нутгийн фермерийн мал аж ахуй, эдийн засгийн тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицолтыг дэмжих” төслийг амжилттай хийж гүйцэтгэжээ. Үр дүнд нь орчин үеийн хонины аж ахуйн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болж, өдөрт 40 гаруй бог, 4-5 бод нядлах жижигхэн махны цех байгуулж, түүний дэргэд тэжээлийн аж ахуй байгуулжээ. Ердөө 12 ажилтантай жижиг аж ахуй бий болж, цаашдаа аж ахуйн энэ загварыг бусад газарт хэрэгжүүлэх бүрэн боломжтой аж.

Л.Лхагвасүрэн адууны 2000 арьс цуглуулж, Голланд руу туршилтаар экспортолж, гадаадын зах зээлд Монгол малын түүхий эд нийлүүлэх судалгаа хийж, дэлхийн алдарт “Hermes” брэндэд Монголын адууны арьсыг нийлүүлэх боломжийн талаар үргэлжлүүлэн судалж байна.

Судалгаа шинжилгээний ажлын хажуугаар туршилтаар өвөл зуны хүлэмжид төрөл бүрийн нарийн ногоо тариалж, хөдөөгийн өрх нарийн ногооны хэрэгцээгээ 100 хувь хангаж болохыг үлгэрлэн харуулсаар байгаа аж.

Мөн өвөл, зунгүй өдөрт 30 зочин хүлээж авах хүчин чадалтай аялал жуулчлалын төв болох “Фарм стэй–Дорнод” бичил буудал байгуулж, энэ төвийнхөө мэдээллийг Бүүкинг-до-ком, эйр-Би-Эн-Би Дот-ком, Трип-Эдвайзер Дот-ком зэрэг дэлхийн аялал жуулчлалын томоохон цахим платформууд дээр байршуулж, дотоодын төдийгүй дэлхийгээс судалгааны аялал жуулчлалын чиглэлээр аялдаг зочдыг хүлээн авч, үйл ажиллагаа нь олон улсад танигджээ. Энэ нь орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх чухал алхам болсон бөгөөд орон даяар ийм боломж байгаагийн нотолгоо юм.

Л.Лхагвасүрэн одоогоор олон улсын болон орон нутгийн олон байгууллагуудын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж, лекц сургалтаар дамжуулан өөрийн мэдлэг чадварыг олон түмэнд түгээн дэлгэрүүлсээр байна.

Тэрбээр “ХХI зууны Монголын хөдөө бол хүн дайжиж зугтдаг биш, монгол хүн жаргалтай амьдарч, мөрөөдлөө биелүүлдэг газар байх ёстой. Тиймээс хөдөө орон нутаг бол зөвхөн малын тухай, бэлчээр, уул усны тухай яриагаар зогсохгүй, мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа 300 мянган хүн ХХI зуунд яаж тэсэж үлдэх, амьдралаа яаж зохион байгуулах тухай асуудал. Яаж нэг талаас нүүдлийн соёл иргэншлийн уламжлалаа хадгалж, нөгөө талаас хэрхэн шинэ эринтэй зохицон, малчин бүр хангалуун, аз жаргалтай амьдрах вэ гэдэг асуудал юм. Монгол хүний тухай ойлголт юм” гэлээ.

Ийм философийг амьдралынхаа жанжин шугамаа болгон олон жил гадаадад ажиллаж, амьдарсан арвин их туршлагаа эх орондоо нутагшуулахаар ирж, малчин болсон тэрбээр арав гаруй жилийг амжилт, ололт дүүрэн өнгөрүүлж буй үлгэр жишээ хүмүүн юм.


“МОНГОЛ ТҮМНИЙ АМЬДРАЛ ИЛҮҮ САЙХАН БОЛОХ НИГУУРТАЙ”

“Энхийн шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон зочид, төлөөлөгчдийн сэтгэгдлээс хуваалцлаа.

 

 “БИДНИЙ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЗҮЙЛҮҮД ХҮНИЙ НҮДЭНД ҮЗЭГДЭХГҮЙ ИХ ХОЛ ЯВСАН ЮМ БАЙНА”

“Энхийн шагнал 2023”-ын эзэн Л.ЛХАГВАСҮРЭН:

-“Худлаа биз дээ” гэж олон удаа асуусан. Зохион байгуулагчид “Үгүй ээ, энэ олон шаттай, олон хүн дундаас шалгаруулдаг учраас та санаа зовох зүйлгүй” гэж хэлсэн. Эхнэр, бид хоёр бодсон. Өнгөрсөн хугацаанд содон байхаар юм хийсэн билүү гэж. Энэ олон жилийн хугацаанд бидний хийсэн зүйлсийг түмэн олон хардаг юм байна. Бидний хийж бүтээсэн зүйлүүд хүний нүдэнд үзэгдэхгүй их хол явсан юм байна. Бид гэр бүлээрээ эвсэг, хол алхаж яваа учраас түмэн олонд даль жигүүр ургуулах орчныг нь бүрдүүлдэг юм байна гэдгийг ойлголоо. Өнөөдөр шагнал авсандаа үнэхээр их баяртай байна. Миний аав Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат ажилтан. Би ааваасаа их эрдэм сурсан байна. Хань ижил минь маш сайн. Ерөөсөө хань ижлээ зөв сонгоно гэдэг насан туршийн жаргал байдаг юм байна. Үр хүүхдүүд минь сайн явсан байна. Одоо ач нар маань сайн явж байна. Бид дөрвөн үеэрээ эсэн мэнд нэгнээ харж байна. Ингэж амьдарч болдог юм байна гэдгийг түмэн олон харж байгаа байх. Монгол түмэн удам угсаагаараа монгол ёсоо аваад үлдчих боломжтой. Гадагшаа явлаа гээд тэр бүхнээ мартчихдаг юм биш ээ. Буцаж ирээд, түүнээс илүү болох нигууртай. Үнэхээр “Баярлалаа” гэж дахин дахин хэлмээр байна.

Чингис Хааныхаа музейн Алтан Шонхор оройд нь гялалздаг өргөө гэрийнхээ хойморт, Ардын жүжигчин Н.Сувдаа эгчийнхээ гараас өргөмжлөлөө, харин "Энхийн шагнал"-аа журмын анд, өнгөрсөн жилийн "Энхийн шагналт", Байгаль орчны гавьят "Улаан тайгын" Төмөрсүхээсээ Өүлэн Эх, Эх дэлхийгээ хэвлийдээ тэвэрсэн шагналын маань охь нь болсон урлагийн хосгүй бүтээлээ хүлээн авлаа. Их баярлахад тоймгүй хэлмээр байгаа их үгэн дундаас, хоолой зангируулах нь олон болж, харин халах яриан дунд өрх гэрээ бодон омогших нь их болжээ. Олон хавар үзээд тэр үү нутгаараа дуудуулмаар баймаар болж, дүүрэн жаргалтай гэрийнхээ хойморт сумынхаа нэрээ дуудуулах нь үнэтэй болж дээ.

“ААВЫНХАА ‘ХАТУУ ҮГ’-ИЙГ ДАГАСАН ХҮҮДЭЭ ИХ БАЯРЛАЖ БАЙНА”

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат ажилтан н.ЛХАГВАА

-Миний хүү хотод өссөн, сэхээтний хүү. Би хөдөөний хүн. Монгол хүний амьдрал тэнгэрээс заяатай. Яагаад тэнгэрээс заяатай вэ гэхээр “Монголын нууц товчоо”-нд дээд тэнгэрээс заяат төрсөн гэдэг юм. Тэнгэр, газар, хүн гурав нэгэн амьтай байдаг. Тэнгэрээс заяат төрсөн билиг чадлыг монголчууд хүүхдийн амьдрал ахуй, газар дэлхийд нь уусгаж, угшуулж сургадаг юм. Ингээд эрдмийг тэнгэрээс авдаг юм. Хүн газар тэнгэрээс авсан эрдэм чадлаа өөрөө ард түмэн, эх орондоо зориулдаг. Миний хүү ч тэгж явах хэрэгтэй гэж би хэлдэг байсан. Америкт 12 жил сурсных нь дараа “За, миний хүү болно. Миний үр ач нар тэр их далайд дусал төдий болох ч юм уу, алга болох нь. Чи буцаад ир” гэсээр байгаад ирүүлсэн юм. Тэгээд хөдөө гарсан, одоо шагнал хүртлээ. Аавынхаа “хатуу үг”-ийг дагасанд л хүүдээ би их баярлаж байна.

“МОНГОЛ ХҮН БОЛ УГААСАА ЭНХИЙН ТӨЛӨӨ СЭТГЭЛТЭЙ”

Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.ЦАХИЛГААН:

-Юуны өмнө “Энхийн шагнал” хүртсэн Лхагвасүрэндээ баяр хүргэе. Би насаараа энх тайван, найрамдлын төлөө зүтгэсэн. Тиймээс өөрийн эх орны энх тайвны байгууллагууд, хөдөлгөөнүүдийг тэргүүлж олон жил явлаа. Дэлхийн энх тайвны байгууллага идэвхтэй ажиллаж байхад би дэд ерөнхийлөгчөөр нь хоёр удаа сонгогдож байлаа. Энэ маань Монголын ард түмний эв санааг илэрхийлж явсны үр дүн юм. Монгол хүн бол угаасаа энхийн сэтгэлтэй. Зөвхөн нэрээр бодоход, Энх, Амар гэсэн нэр хэчнээн олон байдаг билээ. Тэгж л энхийн хүсэл мөрөөдлөө илэрхийлээд байсан хэрэг. Улс нийгэм энх тайван байхад энх тайван гэдэг утгаар бас нэг сайн анхаарахгүй, анзаарахгүй ч байгаа юм шиг, бид амьсгалж буй агаар шиг буяныг нь эдлээд яваад байна.

Гэхдээ энх тайвныг тордох хэрэгтэй. Энх тайвны төлөө зүтгэх хэрэгтэй. Энх тайвны төлөө зүтгэж байна гээд тусгай юм руу зүтгээд байх хэрэггүй. Хүн болгон дор бүрнээ юу чаддагаа сайн хийгээд, иргэний үүргээ сайн биелүүлээд явах нь энх тайвныг бэхжүүлж буй хэрэг. Сая зураг зурж буй хүүхдүүд, дуулж байгаа дуучид, жүжигчид маань ч энхийн төлөө ажил хөдөлмөрөө зориулж байна. Энэ үйлсийн төлөө гээд ирж байгаа хүмүүс цөмөөрөө энх тайвныг бэхжүүлж байгаа юм. Эвтэй байвал энх тайван болно. Манай монголчуудад эвийн буян оршиж, энхийн заяа, энхийн соёл дэлгэрээсэй гэж бодож байна. Бид ажил хөдөлмөр, гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ, албан газраа ч эвийн соёлтой баймаар байна. Тэгж байж эх орон хөгжинө.

 “Л.ЛХАГВАСҮРЭН ЭХ ОРОНДОО ИЛҮҮ БАЯН, САЙХАН АМЬДРАЛ ЦОГЦЛООЖ БОЛДГИЙГ АМЬДРАЛААРАА БАТАЛСАН”

Монгол Улсын Ардын жүжигчин Н.СУВД:

-Шагналын сан сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандиваар бүрддэг. Энэ жилийн шалгаруулалт эзнээ олсон гэж би бодож байна. Яагаад вэ гэвэл Монголд хотод биш, хөдөө орон нутагт сайхан амьдарч болдог юм гэдгийг амьдралаараа, сүүлийн 10 гаруй жилийнхээ хөдөлмөрөөр баталсан гэр бүлийн өрхийн тэргүүн Лхагвасүрэн 2023 оны “Энхийн шагнал”-ыг авч байна. Манай залуучууд, монголчуудад, нийгэмд гадагшаа л явж байвал сайхан амьдрал бий болгодог юм шиг буруу ойлголт түгээмэл байна. Энэ цаг үед гадаадад бий болгодог тэр амьдралаас илүү баян, цаашаа улам арвижих хувь тавилантай, үндэс суурьтай сайхан амьдралыг цогцлоож болдог гэдгийг энэ хүн амьдралаараа баталж чадсан учраас шагнал эзнээ олжээ.

“МЯНГА МЯНГАН ЗАЛУУСЫН ЗҮРХ СЭТГЭЛД ГЭРЭЛ ГЭГЭЭ ТАТУУЛСАН ХҮМҮҮС БОЛ ‘ЭНХИЙН ШАГНАЛТАН’-УУД”

“Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын тэргүүн Г.ГАНБАТ:

-Монгол Улсын алсын хараа, ирээдүйн хөгжилд би ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг асуулт бидэнд энэ үйл ажиллагааг зохион байгуулах сэдэл болсон. Ажилгүйдэл ядуурал, өвчлөл нас баралт, гэмт хэргийн тоо өсч, өөр сайхан амьдрал эрээд, олуулаа гадагшаа явахаас эхлээд маш олон асуудал тулгамдаж, шийдлээ хүлээж байна. Энэ бүх асуудлыг хаанаас эхэлж, яаж шийдэх ёстой вэ. Улс орны хөгжил нийгмийн хөгжил юм. Нийгмийн хөгжил амжилттай байх уу, үгүй юү гэдэг биднээс шалтгаална. Монголыг Монгол болгодог үнэт зүйл юу вэ гэсэн асуултад бид хариулах ёстой. Тэр үнэт зүйлийг бий болгохын төлөө, энэ зовлонт амьдрал дунд ядаж би хийе гээд шүд зууж, зориг гаргасан хүмүүс бидний бахархлыг амьдруулж, амилуулж байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд бид ийм эрхэм хүмүүсийг нийгмээсээ хайж эрж олсон бөгөөд энэ танхимд сууж буй. Энэ үйл ажиллагааг уламжлал болгосон нь сэтгэл, цаг хугацаа, мөнгө төгрөг бүхнээр дэмжиж ирсэн та бүхний хүч. Бид хамтдаа байж, хойч үедээ монголчуудын үнэт зүйлийг бахархан дамжуулах учиртай. Мянга мянган залуусын зүрх сэтгэлд гэрэл гэгээ татуулсан тэр хүмүүс бол “Энхийн шагналтан”-ууд. Энэ хүмүүсийг хүндэтгэе, хүлээн зөвшөөрье, бүхий л боломжоороо дэмжье. Ийм хүмүүс нийгмийн салбар болгонд олон бий. Энэ бүхэн та бүхний дэмжлэг гэдгийг хэлээд, зохион байгуулах хорооноос талархаж буйгаа уламжилъя.


“ЭНХ ИРЭЭДҮЙ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“Чингис хаан” үндэсний музейн 9 давхарын Хүндэтгэлийн өргөөнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Энх ирээдүй” гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн дэлгэгдсэн байлаа.

“Энхийн шагнал” гардуулах ёслолын ажиллагааг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Энх ирээдүй” гар зургийн уралдаан зохион байгуулсан нь энэ.

Улс орны ирээдүй болсон үр хүүхдүүддээ гэр бүл, ах дүү, найз нөхөд, байгаль дэлхий, хот суурин, улс гүрэн, оршин буй орчноо ямархан байгаасай гэсэн хүсэл мөрөөдлөө зургаар дамжуулан нийгэмд хүргэх боломжийг олгох зорилготой тус гар зургийн уралдаанд нийт Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хэнтий,  Өвөрхангайгаас нийтдээ 122 бүтээл ирсэн байна.

Уралдааны шүүгчээр Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувд, Монгол Уламжлалын Академийн ерөнхийлөгч, Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Дашням, Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан, зураач, каллиграфийн нэрт мастер Т.Жамъянсүрэн, МУЭИС-ийн захирал, доктор, профессор, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Оюунчимэг, МУБИС-ийн түүхийн тэнхмийн эрхлэгч доктор профессор Ж.Гэрэлбадрах, АШУҮИС-ийн багш О.Саранчулуун нар ажиллажээ.

Уралдаанд оролцогчдын бүтээлч санаа, бүтээлийн тайлбар, зурах арга барил зэргийг харгалзан үзэж, шалгаруулсан байна. Тодруулбал,

Ахлах, дунд насны ангилалд, нэгдүгээр байранд ШУТИС-Ахлах сургуулийн 11в ангийн сурагч Г.Үжинмарал, хоёрдугаар байранд Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 11-5 ангийн сурагч М.Нандин-Эрдэнэ, гуравдугаар байранд “Эрдэмтөгс” сургуулийн 7а ангийн сурагч Б.Эмүлэн,

Бага насны ангилалд, нэгдүгээр байранд 105-р сургуулийн 5ё ангийн сурагч Б.Анаржин, хоёрдугаар байранд “Өнөр” цогцолбор сургуулийн 4ё ангийн сурагч Э.Төгс-Уянга, гуравдугаар байранд 133-р сургуулийн 3в ангийн сурагч Б.Хонгорзул нар тус тус шалгарч, өргөмжөл, мөнгөн шагнал гардлаа.

“Энхийн шагнал” гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон бүх хүн “Халуун элгэн нутаг”-аа дуулж, дурсгалын гэрэл зураг татуулж, түүх болгон мөнхлөв.

7