М.Золзаяа: Маш жижигхэн хайхрамжгүй үйлдлүүд томоохон ослын шалтгаан болчихдог нь харамсмаар

Хүдэрчулууны Хулан
07 сарын 17, 2025

Хайр бол хамгаалалт, хариуцлага юм. Урин дулааны цагт хайртай хүмүүстэйгээ хамт аян замд гарч буй жолооч нар маань гэрээс гарахаасаа эхлээд аяллын төгсгөл хүртлээ анхаарал, сэрэмжээ битгий алдаарай, хайртай хүмүүсийнхээ өмнө хариуцлагатай байж, бүхий л эрсдлээс хамгаалагч нь байгаарай хэмээн “Мандал Даатгал” ХХК-ийн Эрсдлийн зөвлөх М.Золзаяа дараахь зүйлсийг өгүүлж байна.


2024 онд орон нутгийн замд 500, нийслэлд 131 хүн нас барсан 

Эцэг, эхчүүд маань аян замд гарахдаа хойд талын суудал дээрээ гудас хөнжил давхарлаж байгаад хүүхдээ хэвтүүлчихдэг. Хүүхэд зориулалтын суудал, бүсгүй байснаараа ямар эрсдэл гарч болох вэ гэдгийг бүгд мэддэг хэрнээ хэрэгжүүлэх тал дээрээ жаахан учир дутагдалтай байдаг юм болов уу. 

Өнгөрсөн онд орон нутгийн замд 500 хүн, Улаанбаатар хотод 131 хүн нас барсан харамсалтай тоо баримт байна. Энэ өндөр хохирол гаргаж байгаа үндсэн шалтгаанууд гэвэл, бага зэргийн хариуцлагагүй, хайхрамжгүй, “хөнгөмсөгөөр найдсан” алдаанууд байдаг. 

Миний бие “Мандал даатгал” ХК-ийн нөхөн төлбөрийн салбарт арав дахь жилдээ ажиллаж байна. Бидний ослын дуудлага аваад ослын газарт үзлэг баримтжуулалт хийж байх үед “Ийм зүйлийг харахгүйгээр осол гаргачихаж болдог юм уу” гэмээр энгийн алдаануудаас болж осол гарчихсан байдаг. 

Утсаа оролддог, утсаараа ярьдаг, хүмүүстэй ярьж анхаарал алддаг, толиндоо харахгүйгээр эргэх үйлдлийг хийдэг. Ийм энгийн зүйлс дээр сонор сэрэмж алдсанаасаа болоод томоохон ослууд гаргах нөхцөл байдал үүсчихдэг.

Жолооч өөрөө гэмтэж бэртэх, амь насаа алдахаас гадна зарим хүний хувьд насан туршийн өр төлбөрт орох эрсдэл үүсчихдэг. Ирээдүйгээ сайн сайхнаар бодож, мөрөөдөж явсан зүйлүүд нь тиймхэн жижиг алдаанаас болоод нуран унасан байхыг харж л байлаа. 

Уулын замд хөдөлгөөнд оролцоод явж байсан нэгэн жолооч гулгаатай замд хурдаа хэтрүүлсэн нь хяналтын хар хайрцагны бичлэгт үлдсэн байсан. Тогтоосон хэмжээнээс нь багахан л хэтрүүлсэн байгаа юм. Ингээд үнэтэй машин очиж мөргөөд гэр орон, аав, ээжийнхээ бүх эд хөрөнгийг зарж байж хохирлыг барагдуулсан. Тэр үед залуу хүний бодож явсан тэр сайхан зүйлүүд нь олон жилийн өр төлбөрт орсон ийм л асуудал болж хувирч байгааг харах харамсалтай байсан. 

Хөдөөгийн айлд зочилж байгаа бол гэрэлтдэг даавуун материал аваад очоорой

Зуны улиралд монголчууд маань аялдаг, дандаа л өөрийнхөө гэр бүлтэй, хайртай хүмүүстэйгээ аялж зугаалаад явдаг ч энэ цаг үеүдэд орон нутаг дахь зам тээврийн ослын тоо эрс өсдөг. Дандаа өндөр хэмжээний, хүнд хохиролтой ослууд нэмэгддэг. Үүнд жижигхэн алдаа, бага зэргийн хайхрамжгүй байдал ихэвчлэн нөлөөлж байна. 2024 онд согтууруулах ундааны зүйл их, бага хэмжээгээр хэрэглэсэн үедээ жолоо барьж бүртгэгдсэн жолоочийн тоо 27,000 давчихсан явж байгаа юм. 

Хөдөөгийн замд явж байгаа жолооч нарын анхаарах бас нэг зүйл нь аль ч замд мал гарч ирж машинд мөргүүлэх эрсдэл байсаар байгаа. Малчид тэр бүрчлэн малаа хянаад байх боломж хомс байдаг юм болов уу.

Жолооч нар маань үүнд маш анхааралтай, сонор сэрэмжтэй хандах шаардлагатай. Харин малчид маань шөнө оройн цагт малынхаа хүзүүнд гэрэлтдэг материалаар хийсэн хүзүүвчийг зүүлгээд өгчихвөл харагдцад сайн нөлөө үзүүлдэг юм шүү. 

Уриалга болгоод хэлэхэд, хөдөө гэртээ очиж байгаа жолооч нар, Улаанбаатар хотоос явж байгаа аялагч нар маань очиж байгаа айлдаа гэрэлтдэг даавуун материалыг худалдаж аваад очиж байгаарай.

Өөр нэгэн сэрэмжлүүлгийг өгөхөд, өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас гэмтэж нас барсан хүмүүсийн тоо 1700 байгаа. Тэдний 70 хувь нь суудлын бүсээ зүүгээгүй, эсвэл буруу зүүсэн байсан. Энэ юуг хэлж байна вэ гэхээр, суудлын бүсээ зөв суусан бол тэдгээр хүмүүст иим зүйл тохиолдохгүй байх боломж байж. 


Холбоотой сэдвүүд

мандал даатгал сэрэмжлүүлэг

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.