Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга нас барсан байдалтай олдсон. Тус орой Засаг дарга болон удирдлагууд ажлын байрандаа архидан согтуурсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон гэж ЦЕГ-аас өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн. 

Харин өнөөдөр тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Говь-Алтай аймгийн Засаг даргыг чөлөөлөх захирамжид сая Ерөнхий сайд гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд өчигдөр ЦЕГ-ын даргатай холбогдож, зохих мэдээллүүдийг авсан. Ажлын байранд архидан согтуурахгүй байх Засгийн газрын тогтоолын зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс Засгийн газрын тогтоолыг зөрчсөн үндэслэлээр хариуцлага хүлээлгэж байна. Тус Засаг даргатай холбогдсон. Өөрөө энэ асуудлаа хүлээн зөвшөөрч ярьсан. 

Улмаар өнөөдөр түүнийг чөлөөлөх захирамж гарлаа. Дараагийн Засаг дарга томилогдтол Орлогч дарга нь Засаг даргын үүргийг гүйцэтгэхийг захирамжид тусгасан. Бусад асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй юм байна. ЦЕГ-ын даргын хэлж буйгаар үүнд багадаа 14 хоногийн хугацаа орно гэсэн. 

Засгийн газар уг асуудалд ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэх, нөлөөлөх боломжгүй. Бидний хувьд ёс зүйн хариуцлага хүлээлгэлээ. Засаг дарга нь тэнсэнтэй байсан эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан ИТХ-аар сонгогдоод бүрэн эрхээ хэрэгжүүлж буй хүн" хэмээн мэдээлэл өглөө.