Зүүн болон Төв Европын орнууд дэд бүтэц, эдийн засгийн хөгжүүлэлтдээ Хятадаас хөрөнгө оруулалт татах оролдлогоо нэмэгдүүллээ. Төв, Зүүн Европ, Балканы нийт 16 орны төрийн тэргүүн, сайд нар Унгарын нийслэл Будапештад Хятадын Ерөнхий сайд Ли Көцянтай уулзсан юм. 

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хурлын үеэр Европ төв, зүүн бүсэд хангалттай хөрөнгө оруулж чадахгүй байгаа. Тиймээс технологи, санхүүгийн салбараа хөгжүүлэхэд гаднын хамтын ажиллагаа хэрэгтэй. Үүнд Хятад улс нээлттэй оролцож болно гэсэн байна. 

Орбан Будапештийг Сербийн нийслэл Белградтай холбосон төмөр замыг Хятадын хурдны галт тэргийн технологийг ашиглан тавих хүслээ илэрхийлсэн. Төсөл удахгүй хэрэгжиж эхлэх ажээ. 

Ноён Ли аж үйлдвэржүүлэлт, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах замаар хамтран ажиллахад Хятад бэлэн байгааг дамжууллаа. Хүндхэн байдалд байгаа Зүүн Европын орнууд Хятадаас хөрөнгө татаж Евразийг дамнасан эдийн засгийн бүс байгуулахын тулд Бээжингийн “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэмжиж байна гэж ажиглагчид дүгнэжээ.