Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт иргэн Ш.Т  нь зохих зөвшөөрөлгүйгээр  мод бэлтгэж, “kia Frontier маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэн, байгаль экологид 4208256 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. Мөрдөн байцаалтын шатанд Ш.Т нь  өөрийн гэрийн ойролцоох ойгоос зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн шинэс төрлийн модоороо өвөлжөө болон шовгор барьсан болох нь тогтоогдсон байна.

Дээрх хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Ш.Т-г “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож,  ойн сан- байгаль экологид учирсан 4 208 256 төгрөгийн хохирлыг төлүүлж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан багаж хэрэгсэл болох цахилгаан хөрөө, сүх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох шовгорын 27 ширхэг шинэс төрлийн мод, өвөлжөөний 234 ширхэг сургааг модыг хураан авч улсын орлого болгохоор  шийдвэрлэсэн байна.

Зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан худалдан авсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан багаж, тээврийн хэрэгсэл, хөрөнгө, орлогыг хураан авахаас гадна байгаль экологид учирсан шууд хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар  учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож төлүүлдэг хуулийн заалттай гэж Булган аймгийн прокурорын газраас мэдээллээ.