Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр хойгуур байр эзэлж ирсэн аймгуудын нэг бол Булган. 

Нийслэл хоттой засмал замаар холбогдсон, “Эрдэнэт үйлдвэр”-тэй хаяа залгах, Хөвсгөл нуурийг чиглэсэн аялал жуулчлалын гол маршрут дайранөнгөрөх Булган аймгийн “Нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулах төсөл"-ийн нээлт өнөөдөр боллоо. 

НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын санхүүжилтээр МҮХАҮТ, Булган аймгийн ЗДТГ хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн  хүрээнд Булган аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд анализ хийж, хөгжлийн боломжуудыг үндсэндээ тодорхойлох юм. 

Уг төслийн онцлогийг Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол Улс дахь хөтөлбөрийн менежер Виктор Лутенко "Систем динамик загварыг боловсруулахад олон янзын үзүүлэлтүүдийг авч үздэг. Тиймээс боловсруулалтын явцад орон нутгийн зүгээс бодит мэдээллээ гаргаж өгч байж үр дүнд хүрнэ. 

Загвар боловсруулах үйл явц нь илүү шинэлэг, нээлттэй. Илүү алсыг харсан, олон хүчин зүйлсийг авч үздэг" хэмээн тодорхойлсон. 

Төслийн нээлтийн арга хэмжээнд оролцсон Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ  "Эдийн засгийн бүтцийг сайжруулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг төрөлжүүлэх, улмаар өрсөлдөх чадвар, эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлснээр аймгийн ДНБ 2021 оны гүйцэтгэлээр 485.2 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ өмнөх оны үеийн мөн үеэс 21.5 хувиар өссөн үзүүлэлт.

Аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд бодит хувь нэмэр оруулах төсөл Булган аймагт хэрэгжихээр болж байна" хэмээн төслийг үр дүндтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. Төслийг хэрэгжүүлэхэд МҮХАҮТ онцгой үүрэгтэй оролцож байна. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Дэлхийн эдийн засгийн форумын "Их сэргэлт" санаачилгын үзэл баримтлал, бизнесийн орчны судалгаануудын үр дүнд тулгуурлан МҮХАҮТ-аас "Эдийн засгийн Их сэргэлт"-ийн бодлогыг санаачилж, Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг батлан зургаан багц асуудлыг тодорхойлсны нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. 

Өнөөдөр хот, хөдөөгийн тэнцвэр алдагдаж, нийгэм, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, орлогын ялгаа их байна. Шилжилт хөдөлгөөн ажлын байр, орлого, хүүхдийн боловсрол, амьдрах орчин нөхцөлөөс шалтгаалж байгааг олон судалгааны үр дүн харуулж байна.

Булган аймгийг жишиг болгон Систем динамикаар хөгжлийн загварыг тодорхойлж, зөв системтэйгээр хувийн хэвшлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, түүнийг дагасан нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах тухай ярьж, хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр дэмждэг, хамгаалдаг институц болгохыг зорих нь чухал. 

МҮХАҮТ систем динамикийг бий болгохыг зорьж ажиллаж ирсний хувьд идэвхтэйгээр хамтран ажиллана” гэв.  

Төслийн нээлтийн арга хэмжээний үеэр Булган аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан танилцуулсан юм. 

Булган аймгийн хүн амын тоо 2018 оноос хойш тогтмол бууралттай байна. 

Тодруулбал, 2021 оны байдлаар 61.943 иргэн бүртгэлтэй, аймгийн 2000-2020 оны шилжин явах хөдөлгөөний эрчим "маш их", 20 жилийн хугацаанд хүн ам нь нэгэн хэвэндээ буюу бараг өсөөгүй байна. 

Хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалан, мал аж ахуй хослон хөгжсөн аймгийн хувьд цаашид хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээ, аялал жуулчлал, автозам, дэд бүтцийг хөгжлийн чиг хандлага хэмээн тодорхойлсон талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.  

Булган аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулах төслийн гүйцэтгэгчээр зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээний "Валью Юнайтэд Партнерс" ХХК ажиллах бөгөөд төслийн хүрээнд эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван бүлэг, дэд 14 бүлэг, нийт 80 гаруй үндсэн үзүүлэлт, 8 мянга гаруй хувьсагчийг авч үзэж хоорондын хамаарлыг судлан загварчлалыг гаргах аж. 

Булган аймгийн хувьд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хөгжлийн цогц асуудлуудыг тодорхойлсон системийн динамик загварыг боловсруулах анхны загвар аймаг болж байна.