Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Өргөтгөсөн хуралдаанаар салбар бүрт тулгамдаад буй цаг үеийн олон асуудлыг хэлэлцэх аж. 

Дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө бүгд нэг баг болж хамтран, шударгаар ажиллах ёстой. Хэрэв миний энэ үзэл баримтлалтай санал нийлэхгүй хүн байвал одоо гараа өргөөд хэл. Би төрийн албан тушаалаа танаас аваад, чаддаг хүнийг нь томилъё" гэсэн боловч гар өргөсөн хүн байсангүй. Тиймээс цаашид шударга ёс тогтоохын төлөө бүгд хамтран ажиллахад бэлэн гэж ойлгоод би шаардлагаа тавиад явах болно гэв.

Зарим аймагт гахайн мялзан өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор Улсын Онцгой комисс өчигдөр шуурхай хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ сарын 3-наас томуугийн дэгдэлт эрчимжиж байна. Цаашид буюу Цагаан сарын үеэр улам ихсэж хөл хорио тогтоох хэмжээнд хүрч болзошгүй. Мөн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 53.2 хувиар хэтэрсэн. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор 5 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох шаардлагатай гэсэн саналыг гаргасан юм. Тус саналыг Улсын Онцгой комисс дэмжсэн бөгөөд батлах эсэхийг Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар шийдвэрлэх юм.


Өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна.