Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, эмнэлгийн байгууллагуудын ачаалал өсөөд байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчлөлийг хянах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч эхэлжээ.


Тодруулбал, энэ сарын 2-ны өдрийн байдлаар Нийслэлийн Түргэн тусламжийн төвд нийт 2,249 дуудлага ирсэн нь өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.79 хувиар нэмэгджээ.

Өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдэлт бүлгийн иргэдэд гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, эмчийн хяналтыг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өдрийн эмчилгээ зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.


Түүнчлэн арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Тодруулбал, ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 17:00 цаг хүртэл, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд 16:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм.


НЭМГ-аас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт зүүх, гараа тогтмол угааж, ариутгах, хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөлөө. Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр эмнэлгийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

Холбоотой сэдвүүд

томуу эмнэлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.