Зорилтот бүлгийн хүмүүст туслах зорилгоор Хан-Уул дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвийнхөн хуучин гутал, хувцас авах цэг нэмж байгууллаа. 

Ийм зориулалттай хайрцгийг эхний удаа Зайсангийн KFC зоогийн газар, “Ривер гарден” хотхонд тавьсан. Тэгвэл өнгөрсөн сард тус дүүргийн XVIII хорооны “Жапэн таун” болон “Хүннү-2222” хотхоны гадна байрлуулжээ. 

Мөн энэ сарын 1-нээс хуучин номын хайрцаг нэмж байршуулсан байна. Зарим иргэн уг хайрцгуудыг буруу газар байрлуулсан хэмээж буй боловч Тохижилт, үйлчилгээний төвөөс “Харуул хамгаалалттай газар тавих нь зөв” гэж үзсэн гэнэ. 

Хайрцагт их хэмжээний гутал, хувцас цуглардаг бөгөөд дүүрэх үед тухайн дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвийн ажилчид удирдах албан тушааалтнууддаа мэдэгдэн, хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нартай хамтарч долоо хоногт нэг удаа зорилтот бүлгийн хүмүүст тараадаг аж. Гэвч сүүлийн үед Зайсангийн KFC-гийн гадна байрлах хайрцгийг согтуу, тэнэмэл хүмүүс эвдэж хувцсыг авсан тохиолдол нэг бус удаа гарчээ.

Бэлтгэсэн: Б.Анхзул