БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, МБШ-ны төв Гандэгчэнлин хийдийн лам нар байгаль хамгаалагч нартай хамтран Уул, усаа бохирдуулахгүй “Цэвэрхэн шинэлцгээе” аяныг зохион байгуулж байгаа билээ.

Энэ  хүрээнд өнгөрсөн өдрүүдэд   иргэдийн сүсэглэн залбирдаг  Сэлэнгэ аймгийн  Шаамар суманд байх “Ээж мод”,  Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших  “Ээж хад” болон сар шинээр иргэд олноор гарч хийморь лундаа, ажил үйлсээ даатгадаг “Хийморийн овоо” очмын хогийг цэвэрлэлээ.

Иргэд нэг үеэ бодвол уул овоонд гарахдаа хог тарих байгаль орчноо бохирдуулах нь багассан ч  тахин шүтэхдээ анхаарах зүйл олон байна гэдгийг  байгаль хамгаалагчид болоод лам хуврагууд хэлж байна. Тухайлбал тосонд чанасан боорцог, жигнэмэгийг шувуу ч иддэггүй. Мөн архины шил, байгальд үл шингэх тетрапак савлагаа нь ихээр хогон овоо үүсгэх болжээ. 

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байх “Ээж мод” хэдхэн жилийн өмнө хүний буруутай үйл ажиллагаанаас болон шатаж дахин шинээр ээж модыг тахин шүтэж байсан  бол өнөөдөр иргэд сүсэгтэн олны байгаль орчинд ээлгүй хандаж, ээж мод руу архи, сүү, цагаан идээ ихээр өргөж  хадаг, самбаа уяснаас үүдэж мод үхжин  дороосоо сийрэгжиж өтөн насжилтгүй болсон байдалтай байна.

Тиймээс сүсэгтэн олон шүтэн дээдэлдэг уул овоо, мод тэргүүтнээ зөв тахин шүтэж өргөл барьцаа зөв өргөж,  байгаль дэлхийд ээлтэй  цэвэрхэн шинэлж идээ ундааны дээжийг дөрвөн зүг найман зовхисдоо өргөн сэтгэлдээ залбирч байгальдаа ээлтэй байхыг уриалж байна