Шинэ төгсөгчдийг хөдөлмөрийн хүндхэн зах зээл хүлээж байна

Бадралын Зулбаяр
04 сарын 16, 2025

Тогтвортой Хөгжлийн Зорилгыг түгээн дэлгэрүүлж, таниулахад түүчээлэгч Peak.mn сайт нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт, энтрепренершип боловсролыг дэмжих зорилготой 8-Minute Entrepreneurs платформын үүсгэн байгуулагч, бизнесийн зөвлөх Б.Зулбаяр -тай хамтран цуврал контентуудыг хүргэж байна.

Энэ жил улсын хэмжээнд 150,282 суралцагч дээд боловсролын сургалтын байгууллагад сургалцаж байгаагаас 117.3 мянга нь бакалаврын түвшинд, 30,3 мянга нь магистр, докторын түвшинд суралцаж байна. (дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын Яам -аас хараарай). Эдгээр суралцагчийн 27.1 мянга нь бакалавр, 8.5 мянга нь магистр докторын зэрэгтэй энэ жил төгсөөд ажлын байранд гарч байна. 

Өмнөх жилүүдийн трендээс харахад бакалаврын түвшний төгсөгчдийн ойролцоогоор 20 хувь нь дараагийн түвшний буюу магистрын түвшинд элсэн суралцдаг нь харагдаж байна. Тэгвэл дийлэнх буюу 80 гаруй хувь нь хөдөлмөрийн зах зээл дээр гарч, ажил хайж эхэлдэг. Дэлхийн Банкны 2024 оны энэ судалгаа Монгол Улсад дээд боловсролтой байх нь ажлын байрны баталгаа болж чадахгүй байгааг дурджээ. 

Тус судалгаанд дурдсанаар Монгол Улсын хөдөлмөрийн чадвартай иргэдийн гуравны нэг нь ямар нэгэн байдлаар их дээд сургууль төгссөн байдаг боловч ажилд олох, орох, ажилтай байх нь томоохон бэрхшээлийн нэг байдаг. Тэр тусмаа залуучуудын хувьд ажилд орох магадлал нэлээд хүнд байдаг байна. 

Үндэсний Статистикийн Хорооны (“ҮСХ”) мэдээгээр улсын хэмжээнд 20-24 насныхны хөдөлмөр эрхлэлтийн түвшин 46.5%, харин 25-29 насныхны хувьд 72.6%-тай байна. Нийт ажилгүйчүүдийн гуравны нэг нь удаан хугацаагаар ажилгүй байсан буюу 12 сараас дээш хугацаагаар ажил хайж байсан статистик байдаг аж (World Bank Group, 2024). 



Нөгөө талаар “Монгол улсад ажил хийх хүн олох хэцүү байна“, "ажилтан олдохгүй байна” гэх мэдээ үе үе телевиз, сошиал медиагаар явж, үнэтэй зочид буудлын хурлын заал, танхимд хүний нөөцийн хурал, зөвлөгөөн болж байдгийг та бүхэн зөндөө харсан байх.  Тэгвэл ажил олгогчид болон ажилтнуудын бие биеэ олохгүй зөрөөд байгаа олон шалтгаануудын нэг нь аль аль талдаа байдаг ур чадвар болон цалин хөлсний хүлээлт гэж хэлж болно. 

ҮСХ-ны статистикаас харахад улсын дундаж цалин 2.6 сая төгрөг байгаа бол 1-9 ажилтантай аж ахуйн нэгжийн дундаж цалин 1.5 сая төгрөг, 10-49 ажилтантай байгууллагынх 2.2 сая төгрөг, 50-99 ажилтантай байгууллагынх 2.6 сая төгрөг гэх мэтээр нэмэгддэг байна. 

Тэгвэл Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгж, байгууллагын тоо 108,378 байдгаас дийлэнх (86.2%)  нь буюу 93,453 нь 1-9 ажилтантай аж ахуйн нэгжүүд байгаа аж.

A black background with a black square AI-generated content may be incorrect.

Олон улсын худалдаанд тодорхойгүй байдал үүсэж, 2025 он гарсаар хятадын зах зээл дээр нүүрсний үнэ унаж, Монгол Улсын нүүрсний экспортын орлого эрс буурлаа. 

Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд энэ жил сайнгүй байгаа ба үйлдвэрлэл, үйлчилгээ нь импортын бараа, түүхий эдээс гүнзгий хамааралтай тул төгрөгийн худалдан авах чадвар өдөр бүр унаж байна.

Саяхан Монгол Банк бодлогын хүү буюу суурь хүүг 10%-иас нэмж 12% болгосноор арилжааны банкны зээлийн хүү нэмэгдэж, бизнесийн болон хэрэглээний зээл олголт буурах төлөвтэй болж ирлээ. Иймд дээрх жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн орлого муудах, бизнесийн санхүүжилт хүнд болж ирэхийн хэрээр нэмж ажилтан авах, цалин хөлс нэмэх магадлал улам буурах нь ойлгомжтой. 

Үүний дээр шинэ төгсөгчид тухайн мэргэжлийн мэдлэг чадварыг академик түвшинд суралцсан байхаас биш бусадтай ажил хэрэгчээр харилцах, багаар ажиллах, цагийн менежмент, бизнесийн ерөнхий мэдлэг, санхүү, татварын суурь ойлголт, компьютерын хэрэглээний программ, албан бичиг, и-мэйл бичих зэрэг ажил хэрэг явуулах наад захын мэдлэг, туршлага дутмаг байдаг. 

Тиймээс шинэ төгсөгчдийн хувьд хүссэн ажлаа олж чадахгүй байгаа бол юуны өмнө өөрсдийгөө ажил олгогчийн шаардлагад нийцэхээр улам чадавхжуулах, ажлын байрны шаардлагад нийцүүлж бэлдэхэд анхаарах, нэмэлт мэдлэг, ур чадварт хөрөнгө оруулалт хийж байж хөдөлмөрийн зах зээл дээр амжилттай өрсөлдөнө. Шинэ төгсөгчид бакалаврын түвшинд суралцсан, мэргэшсэн салбар, мэргэжлийн академик мэдлэгтэй байх нь ажил олгогчдын хувьд хангалтгүй болоод удаж байна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.