А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг

"Уурлах уу, учирлах уу" булангийнхаа энэ удаагийн дугаарт хүүхдийн зохиолч, хүүхдийн сэтгэл судлаач А.Найгалмааг урьж ярилцлаа. Тэрбээр “Миний ном” цуврал ном, “Маамуу” хүүхдийн нэвтрүүлгийн зохиолч юм. 

Хэлд ороогүй үедээ хүүхэд үгсийн сангаа бүрдүүлж байдаг

Хүүхэд өдөрт дунджаар есөн шинэ үг сурдаг гэсэн судалгаа бий. Хэлд орж, ярьж сураагүй үедээ ч бусдын амьд харилцаа, ярианаас шинэ үгийн нөөцөө бүрдүүлсээр байдаг гэсэн үг. 

Хэлд оронгуутаа тэдгээр үгсийн нөөцөө ашиглаж эхэлнэ. 

Иймээс л эцэг, эхчүүд хүүхдийнхээ үгсийн санг нэмэгдүүлэхийн тулд өөр өөр үг, дуу авиа ашиглан хэл ярианы хөгжлийг дэмжих нь маш чухал.

Жишээ нь, та хүүхэдтэйгээ машиндаа, гэртээ тоглож байхдаа, усанд оруулахдаа хүүхдийн дуу дуулж өгч байгаарай. Хэрэв таны хүүхэд цэцэрлэг эсвэл сургуулийн өмнөх ямар нэг хөтөлбөрт хамрагддаг бол багшаас нь ангид нь заасан дууг асууж, гэртээ бататгаарай. 

Өвөө, эмээ, асрагч, ах эгч нь ч гэсэн дуу зааж өгч болно. Нас, насны хүмүүс багадаа дуулдаг дуугаа дуулахад хүүхдийн үгийн нөөц нь баялаг илүү өргөн хүрээтэй бүрддэг. Мөн нас насны хүмүүстэй харилцах хэрээр үгийн баялаг нэмэгдэж байдаг. Эмээ өвөөтэйгээ өссөн хүүхдийн үг хэллэг цаанаа л өөр байдаг нь үүний л илрэл юм.

Сүүлийн үеийн хүүхдүүд хэлд орох нас нь оройтдог болсон гэж хэл засалчид ярьж байна.  Хэлд орохдоо ч hi, bye, orange гэх мэт үгсийг хэлэхийг цөөнгүй харж, сонслоо. 

Энэ бол аав ээж нар хүүхэдтэйгээ харилцахгүй байгаагийн үр дагавар. Зарим эцэг эхчүүд англиар ярьж л байг, алсдаа хэрэгтэй гэдэг. Үнэндээ  эх хэлээ сайн сурсан хүн дараа нь өөр хэдэн ч хэл сурч чаддаг.

Бичлэг үзэх:

Хөгжиж хөдлөх насыг гар утсаар бүү "уяарай"

Сэтгэл дүүрэн, амьдралд итгэх итгэлтэй хүн болгон өсгөхийн тулд үр хүүхдэдээ тэвчээртэй хандаж, халуун дулаан үг хэлж байхаа хэзээ ч мартаж болохгүй.

Учир нь бидний хүүхдүүд эцэг эхийн хайрыг мэдэрч, хамгаалуулж, туслуулахыг хүсдэг.

Бага насны хүүхдүүд эцэг эхтэйгээ л олон цагийг хамт өнгөрөөхийг хүсэж байгаагаа байнга л илэрхийлж байдаг. Гэвч томчууд үүнийг анзаардаггүй.

Хүүхдээ гэртээ харж байгаа томчуудыг харахаар хүүхэд нь зурагт эсвэл утас хараад л сууж байдаг. Ид хөдөлж, булчингаа ажиллуулж, тархиа хөгжүүлж байх нас шүү дээ. Энэ үед нь зурагт ширтүүлээд суулгачихдаг нь үнэхээр харамсмаар.

Хоёр настайдаа дэлгэцийн өмнө их цаг өнгөрүүлсэн хүүхдүүд 12 настайдаа аутизмын хүрээний эмгэгээр оношлогдох эрсдэл өндөр байсныг тогтоосон судалгаа ч бий. 

Тодруулбал, долоо хоногт 14-с дээш цагаар дэлгэцтэй харьцдаг байсан хүүхдүүдийн оношлогдох эрсдэл бага цагаар дэлгэцтэй харьцдаг хүүхдүүдээс 1.8 дахин их байжээ. 

Уншдаг хүүхэд төвлөрч сурдаг

Өдөрт 10-15 минутыг хүүхдэдээ ном уншиж өгөхөд хүүхдийн олон чадвар хөгждөг. Тухайлбал эх хэлний үгийн сан нь нэмэгдэж, ойлгох чадвар нь хөгжиж, дүрмийн дагуу зөв ярьж, бичгийн хэлэнд суралцдаг. 

Мөн анхаарал төвлөрөх чадвар нь сайжирч, ой тогтоолтын дасгал болдог. Сэтгэхүйг хөгжихийн хэрээр асуудал шийдвэрлэх арга замд суралцаж, бүтээлч сэтгэлгээ нь хөгждөг. 

Асран хамгаалагч нь ном уншиж өгөхөд хүүхэд тайвширдаг нь мөн л судалгаагаар батлагдсан. Та хүүхдээ өвөр дээрээ суулгаад ном уншиж өгөөд анзаараад үзээрэй.

Ном уншиж өгөхөд хүүхэд хайрлагдсан мэдрэмжийг авч байдаг

Биеэр туулж барахгүй амьдралыг, оюунаар туулж чадах боломжийг сайн ном, зохиол бидэнд өгдөг. Хүүхдэдээ багаас нь ном уншиж өгөх нь насан туршийн эерэг дадлынх нь эхлэл болдог. Ном уншиж өгөх хугацаанд ээнэгшил бий болж байдаг. Хайртай хүмүүсийнхээ дуу хоолойг сонсож, өвөр дээр нь суух тэр цаг хугацаа хүүхдийн амьдралд, ирээдүйн төлөвшилд маш сайнаар нөлөөлнө. Мөн хайрлагдаж байгаа мэдрэмжийг авч байдгийг эцэг эхчүүд минь бүү мартаарай.


“Монгол хүүхэд төрсөн цагаасаа эхлэн номтой танилцаасай, тэр ном нь эх хэл дээр нь бичигдсэн, монгол зохиолчийнх байгаасай, хүүхэд бүр өөрийн гэсэн тоглоом шиг номтой болвол ААВ, ЭЭЖ нь уншаад өгнө, том болоод өөрсдөө ном уншдаг дадал, хэвшилтэй болно доо” гэсэн хүсэл мөрөөдлөөр хийж эхэлсэн ажлаа багцлан дүгнээд сууж байна.

2008 оноос ЖАНГАР хүүхдийн номын редакцид ажиллаж, сургуулийн өмнөх насныханд зориулсан “БИ ӨӨРӨӨ” сэтгүүлийг эмхэтгэн бэлдэж тэр үеэс эхлэн өөрийн уран бүтээлээ бичиж эхэлсэн билээ. 

2011 онд “МИНИЙ НОМ” нэртэйгээр хүүхдэд зориулсан дуу, шүлгийн номоо хэвлүүлж өнөөдрийг хүртэл 14-н жилийн хугацаанд 12 ширхэгтэй багц болголоо. Миний ном нь 0-6 насны хүүхдэд зориулсан дотроо нас, насны ангиллалтай шүлэгтэй, дуутай, үлгэртэй, оньсоготой, хэл зүгшрүүлэх үгтэй нийт 12 номтой. 

Миний ном 0 хар ба цагаан

Миний ном 1 хөдөлгөөнийг даган дуурайж хийдэг шүлэгтэй

Миний ном 2 халуун орны амьтад шүлэг

Миний ном 3 ахуйн дадал хэвшлийн шүлэгтэй

Миний ном 4 оньсого 

Миний ном 5 улаан номонд орсон амьтад

Миний ном 6 хэл зүгшрүүлэх үгс

Миний ном 7 ганцаараа унтдаг гавар  харилцааны үлгэр

Миний ном 8 шидэт тэврэлт харилцааны үлгэр 

Миний ном 9 тоглоё, тоглоё дуу

Миний ном 10 шидэт үгс харилцааны үлгэр 

Миний ном 11 живхтэй дүү минь дуу

Холбоотой сэдвүүд

а.найгалмаа хүүхдийн ном

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.