Цар тахлын хорио цээрийн үед хүүхдийнхээ стресс, сэтгэлийн түгшүүрийг хэрхэн арилгах, хүүхдүүддээ хэрхэн туслах талаар хүүхдийн зохиолч, судлаач А.Найгалмаа зөвлөж байна.

-Яагаад хөл хорионы үеэр хүүхдийнхээ сэтгэл зүйг онцгойлон анхаарах ёстой вэ?

-Цар тахал дэлхийн сая сая хүний амьдралыг өөрчилсөн.  Хэн, хэдэн настайгаас үл хамааран бид бүгдээрээ хорионд орж байгаа шүү дээ. Хүүхдийн хувьд ч гэсэн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа буюу дэглэм нь алдагдсан учраас сэтгэлзүй нь тавгүйтдэг. Тэд ч гэсэн нийгмийн харилцаанд орж байдаг. Ядахдаа л хөл хорионоос болоод өвөө эмээгээ, хамт тоглодог найз нөхдөө үгүйлдэг гэдгийг эцэг эхчүүд бодолцож үзэх ёстой. Хэрвээ энэ бүхнийг бодолцож анхаарахгүй бол хүүхэд айдас түгшүүртэй, уур уцаартай болж эхэлдэг. Зарим хүүхдийн хоолны дуршил буурах шинж тэмдэг илэрнэ. Шалтгаангүйгээр гэдэс нь өвдөж, дотор нь муухайрна. 


-Хөл хорионы үеэр гэрээсээ ажиллаж байхдаа эцэг эхчүүд юун дээр түлхүү анхаарах ёстой вэ?

-Хөл хорионы үед олон эцэг эхчүүд гэрээсээ ажил хийх боломжтой  байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ нөгөө талаасаа томчуудын анхаарал тавин сонсож, үзэж, ярьж байгаа цар тахалтай холбоотой мэдээлэл хүүхдийн сэтгэлзүйд айдас, түгшүүрийг улам ихээр бий болгож байдаг. Үүнийг бодолцож анхаарах ёстой.  Эхнэр, нөхрийн хувьд ч өдөр шөнөгүй тасралтгүй хамт байгаа нь аль нэгэн асуудлаар гэр бүлийн зөрчилдөөн үүсгэх шалтгаан юм. Хэрвээ ийм маргаан зөрчил гарлаа гэхэд хүүхдээ давхар хямраадаг.
Бас бага насны хүүхдэд миний аав, ээж гэртээ байгаа хэрнээ намайг тоохгүй юм гэсэн мэдрэмжийг төрүүлдэг гэдгийг бодолцох ёстой.

-Тэгвэл хүүхдүүдийнхээ стрессийг бууруулахын тулд яах вэ?   

-Ярилц: Хамгийн чухал нь аль болох хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах явдал юм.  Болж буй зүйлийн талаар ярилцаж, тэдний бодол санаа, мэдрэмжийн талаар асуу. Эргэлзээ, айдсыг нь тайлаарай.

Тайлбарла: Магадгүй хөл хорионы үеэр тэмдэглэлт өдөр, төрсөн өдөр нь таарсан бол яагаад цуцлах ёстойг нарийн тайлбарлаж, бас өвөөтэйгээ, эмээтэйгээ, санасан найз нөхөдтэйгөө ярих боломжийг ганцаарчлан олгоорой. 

Хүүхдүүдээ чөлөөтэй тоглох орон зайг бүрдүүл:  Ямар нэгэн хяналт тавилгүйгээр тааваар нь тоглуул. Гэхдээ хөдөлгөөнтэй тоглоом шүү! Дасгал хөдөлгөөн нь сэтгэлзүйн болон бие махбодийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлж, стрессийг бууруулахад чухал нөлөөтэй.

Бусадтай холбогдоход нь тусал: Бага насны хүүхдүүдийнхээ нийгмийн харилцаанд санаа тавьж найз нөхөд, эмээ өвөөтэйгөө үргэлж холбоотой байхад туслаарай.  Тэдэнд зориулсан захиаг нь бичиж өгөх, зураг зурах, утасны дуудлага хийх, видео дуудлага хийх боломжийг олгоорой.


-Жишээ нь коронавирусийн талаар ярилцахдаа юуг анхаарах ёстойг тайлбарлаж өгөхгүй юу?

-Энэ бол эцэг эхчүүдийн заавал анхаарах, мэдэх ёстой асуудал. 

Бага насны хүүхдэд: COVID-19-ийн талаар хүүхдүүдтэйгээ ярилцахдаа хүүхдийнхээ насны онцлогийг бодолцож үзэх ёстой. Таны бяцхан хүүхэд ханиад, томуу хүрэх үед ямар мэдрэмж төрдөгийг мэднэ. Тиймээс коронавирус өвчнөөр өвдсөн хүн яг л ханиад томуу туссан шиг өвддөг, тиймээс бусдыг өвтгөхгүйн тулд гэрээсээ гарч болохгүй гэдгийг тайлбарлаарай.

8-12 хүртэлх насны хүүхдэд: Энэ насны хүүхдэд шинээр халдвар авсан болон вирусийн улмаас нас барсан хүмүүсийн тоог яг нарийн хэлэх шаардлагагүй. Тэд үхлээс маш их айдаг, хямардаг онцлогтой. Үүний оронд эрүүл энх байж, бусдыг эрүүл байхад нь туслахын тулд бүгдээрээ гэр бүлдээ юу хийж чадах вэ гэдгийг хүүхдүүдтэйгээ ярилцаарай. Ингэснээрээ гараа угаах, гэртээ байх, биеэ чийрэгжүүлж эрүүл зуршилтай болохын ач холбогдлыг хүүхдэд хялбар тайлбарлаж болно. 


-Гадаадын орнуудад хүүхдийнхээ сэтгэл зүйг хамгаалахын тулд цар тахлын үед хүүхдэд сөрөг мэдээлэл үзүүлэхгүй, сонсгохгүй байхыг зөвлөдөг юм билээ. Энэ хэр зөв арга вэ?

-Цар тахлын талаарх учир утгагүй их мэдээлэл таны хүүхдэд аюулыг л мэдрүүлнэ.  Иймээс аль болох зурагт, радиогоо унтраах нь зөв шүү.  Мэдээ бүрийг сонсох шаардлагагүй, ялангуяа таны хүүхэд таны хажууд байгаа бол анхаарах нь зүйтэй. Өөрийгөө болон хүүхдээ элдэв мэдээллийн үерт бүү автуул. Өдөрт нэг удаа мэдээ үзэх нь хангалттай. Айдас, түгшүүр нь дархлаа сулрах хамгийн том шалтгаан болдог. 


-Эдгээр өдрүүдийг сонирхолтой болгохын тулд ямар зүйлс хийхийг эцэг эхчүүдэд санал болгох вэ?

-Ямар хэцүү зүйлийн ард заавал сайн тал байдаг. Энэ өдрүүдийг харин ч эерэгээр харж жаргалтай өнгөрүүлэхийн тулд эцэг эхчүүд өөрсдөө санаачилгатай байхад болно. 

Жишээ нь гэр бүлээрээ хооллохдоо зурагтаа унтрааж бүгдээрээ хоолны ширээндээ суух гэрийн дүрмийг мөрдөөд үзээрэй. 

Ажлаа дуусгаад гэр бүлээрээ тоглох цагтай болбол таны хүүхэд маш их баярлана. 

Зугаатай байхын тулд хоолоо хийхдээ хүүхдээ оролцуулаарай, "Ахлах тогоочийн заавраар" нэвтрүүлэг шиг хоол зааж тоглож болно шүү дээ. Бас аавтайгаа, ээжтэйгээ хамт хоол хийх долоо хоногийн хуваарь, хоолны цэс гаргаад үз. 

Өдөр бүр хамтдаа тэсэн ядан хүлээхүйц  хөгжилтэй, онцгой зүйлийг төлөвлөөрэй. Бүжгийн үдэшлэг хийх, хүүхэлдэйн кино үзэх, дуртай хоолыг нь хамт хийх эсвэл дэрээр тулалдаж ч болно.  Мэдээж хамгийн чухал нь хамтдаа хөгжилдөх юм.  Инээх нь гэр бүлийн уур амьсгалыг эерүүлж хүүхдэд баяр баясгалан, аз жаргал авчирдаг. 

Энэ бүхэн аз жаргалын даавар болох серотонин, эндорфины ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Инээх нь адреналин, кортизол гэх мэт стрессийн гормоны нийлэгжилтийг бууруулдаг. Эцэст нь хэлэхэд томчууд минь энэ өдрүүдэд хүүхдүүдээ аз жаргалтай байлгах зүйлийг л хийгээрэй.