Хятадыг байлдан дайгуулж Их Юань улсыг байгуулан Азийн хамгийн хүчирхэг гүрний суурийг тавьсан Хубилай хааны тухай судалгааны энэ ном аль ч талаараа үнэндээ л тасархай гоё юмаа. 

Хубилайг Хятадын хаан тѳдийгѳѳр л бодох бидний хувьд Хубилайн байгуулсан Их Юань улс болон түүний үр ач нарын үлдээсэн уран барилгa, инженерийн байгууламж, урлагийн бүтээлийн талаар үнэндээ юу ч мэдэхгүй билээ. Эртний түүхийн улбаагаар мѳшгиж их хаан Хубилайтай холбоотой түүх соёлын дурсгалуудыг судлахдаа ёстой л "гараар барьж нүдээр үзсэн" тѳдийгүй адил тѳст Ѳрнийн түүхэн дурсгалуудтай харьцуулан үзсэн нь нэн сонирхолтой юмаа. Монголчууд гэдэг зүгээр л нэг эзлэн түрэмгийлэгч, зэрлэг бүдүүлэгүүд бус харин соёлт хүн тѳрѳлхтѳний гайхал бишрэлийг тѳрүүлэх олон зүйлийг сэдэж санаачлан, хийж хэрэгжүүлсэн манлайлагч үндэстэн гэдгийг батлах олон дурсгалууд буурал түүхийн гэрч болон Хятад орноо үлдэж хоцорчээ. 

Бид ѳѳрсдийн түүхээ эс мэдэх аваас бидний түүхийг хэн хэлж ѳгѳх билээ. Хэдий хууль бус хаан хэмээн алтан ургийнхандаа ад үзэгдсэн ч Хубилай хаан бол ѳвѳг эцэг эзэн Богд Чингис хааны хамтаар дэлхийн түүхэнд алдаршсан агуу гайхамшигт хаан байжээ гэж бодож сууна. Сониуч зантай, эрдэм ухааныг дээдэлдэг Хубилай хаан одон орны оргил, " Тѳрийн хѳвүүдийн сургууль", байгуулж шинжлэх ухаан боловсролыг тэтгэн,  дѳрвѳлжин бичиг зохиолгож, цаасан мѳнгѳ гүйлгээнд оруулж, Хаан балгас буюу ѳнѳѳгийн Бээжин хотыг бүтээн байгуулж, хотуудыг хооронд усан сувгуудаар холбож үнэхээрийн гайхан бишрэм олон талт бүтээлч ажлуудыг хийжээ.Хубилай хааны Хятадад үлдээсэн ѳв бол ѳнѳѳгийн хүчирхэг Хятад гүрэн билээ. Энэ ном Хубилай хааны Гүнжийн сүм хэмээх түүхэн дурсгалаар эхэлдэг. " Хубилай хааны нэгэн гүнж нѳхѳрт гараагүй" гэдгээс ѳѳр зүйл түүхэн эх сурвалжид үлдээгүй ч Таньжэсы сүмд гэлэнмаа болж Буддын сүмд номын ёсыг хичээсээр " Үзэсгэлэнт шударгуу гүнж" алдрыг хүртэн олон зууны турш домог мэт яригдах болжээ. Сүмийнхээ эрдэм чадалтай сайн гэлэнмаа болсны үрээр Хятадын Буддын сүм Чингис хааны алтан ургийн гүнжийн нэрээр нэрлэгдэж Дарь эх хэмээн шүтэгдэх болсон сонин сайхан түүхийг уншаад сэтгэл их хѳдѳллѳѳ. 

Дэлхийг донсолгосон их хааны гэр бүлд тѳрж ѳссѳн сэцэн гүнж юуны учир эрх ямба, баян  тансаг амьдралыг орхин чинхүү сүсэг бишрэлт хувраг болов оо гэдэг үнэндээ л сонин юм. Энэ сэдвээр кино хийвэл ч ёстой л дэлхийг шуугиулана даа. Энэ номын зах зухаас дурдахад ийм байна. Хэд үзэвч уйдамгүй сонин сайхан ном доо.