Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдрөөс Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Ингэхдээ иргэд зөвхөн хувийн унаагаар зорчиж буй юм. Гэр бүлээрээ зорчих тохиолдолд нэг нь л шинжилгээ өгсөн байхад болно. Гэр бүлийн бус бусад хүмүүс нь заавал шинжилгээ өгсөн байна. Иргэд шинжилгээний хариу гарснаас хойш 72 цагийн дотор замдаа гарна. Зорчих замд 72 цагийн хугацаа нь дууссан бол хүлээн авагч аймаг нь иргэдээсээ түргэвчилсэн тестээр шинжилгээ авч нэвтрүүлэх эрхтэй.

Харин маргааш буюу гуравдугаар сарын 03-наас хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг нээнэ.

Иргэд Улаанбаатараас орон нутаг руу зорчихдоо заавал PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Хариу нь сөрөг гарсан тохиолдолд 48 цагийн дотор зорчих газар руугаа гарна. Иймд шинжилгээний хариугаа авсны дараа уг хугацаандаа тохируулан нийтийн тээврээр зорчих тасалбараа захиална. /Тасалбар захиалах бол ЭНД дарна уу./

Ингэхдээ зорчигчид замд хэрэглэх хоол ундаа өөрсдөө бэлдэн авч явах ба тогтмол амны хаалт зүүж, бусадтай хавьтал болохгүй байх зэрэг үүрэг хүлээнэ.


Хот хооронд нийтийн тээврээр зорчих иргэдийн хүлээх 6 үүрэг

1. PCR шинжилгээний "сөрөг" хариу, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг биедээ авч явах

2. Амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, хувийн хэрэгцээний эд зүйлс, замд хэрэглэх хоол, хүнс болон хогийн уутыг урьдчилан бэлтгэсэн байна.

3. Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, эрх бүхий ажилтан, албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ.

4. Зорчигч өөрийн бэлтгэсэн хогийн уутанд хог хаягдлаа хийж битүүмжилж хог хаягдлыг цуглуулах цэгт төвлөрүүлнэ.

5. Тээврийн хэрэгсэл дотор болон гадагш нус, цэр, шүлс, хог хаягдлыг ил задгай хаяхыг хориглоно.

6. Халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.


САНАМЖ: УОК-оос зөвхөн PCR шинжилгээнд хамрагдсан иргэдийг нэг удаа хот хооронд зорчих шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу PCR шинжилгээ өгсөн иргэний регистрийн дугаараар мэдээллийг шалгаж, шинжилгээний хариу гарсан иргэдэд тасалбар олгоно.

Иймд шинжилгээнд хамрагдаж хариу гарсан зорчигчийн регистрийн дугаарыг бичихэд овог нэр автоматаар гарч ирэх ба гараар бичих боломжгүй. Хэрэв зорчигчийн нэр гарч ирэхгүй байвал шинжилгээний хариу хараахан гараагүй байна гэсэн үг учир хэсэг хугацааны дараа дахин хандаарай.

Зорчигчид орон нутагтаа очоод гэртээ 14 хоног тусгаарлагдана. Дараа нь дахин коронавирус илрүүлэх шинжилгээ өгнө.