Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн Гипрогор институтаар зочилж, институтын удирдлагуудтай санал солилцлоо. Тус байгууллага нь1956 онд  Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг гаргасан юм.

Хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүсийг Гипрогор институтын Ерөнхий захирал Елена Станиславовна, орлогч захирал Андрей Сергеевич, Дмитрий Львович, Сергей Иванович, хүрээлэн буй орчин, экологийн асуудал хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Олег Николаевич нарын албаны хүмүүс хүлээн авч уулзав.

Энэ үеэр С.Амарсайхан дарга "Та бүхэн бол бараг биднээс илүү Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг мэдэж байгаа хүмүүс. Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг танай байгууллага гаргаж, хожим нь 1963, 1971, 1986 онд  ерөнхий тодотгол хийснийг та бүхэн хэрэгжүүлсэн байдаг. 

Энэ удаа бид өмнө нь ярьж төлөвлөж байсан олон ажлыг хэрэгжүүлэх тал дээр харилцан санал солилцож, ярилцахаар ирсэн. Улаанбаатар хот 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөгө батлан ажиллаж байгаа. Энэхүү төлөвлөгөөний үндэс суурь та бүхний 1956 онд болон дараа нь хэд хэдэн удаа гаргасан ерөнхий төлөвлөгөө бөгөөд түүнийг өргөжүүлэн хөгжүүлэх байдлаар төлөвлөгөө хийгдсэн. 

Бид Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийг дагуул хот болгож хөгжүүлэх, мөн Төв аймгийн нутагт дэвсгэрт байрлаж буй шинэ нисэх буудлыг түшиглэн Аеросити, мөн Майдар сити зэрэг шинэ хотуудыг төлөвлөж байна. Эдгээр төлөвлөлтөд та бүхний санал зөвлөмжийг авах нь чухал байна. Мөн өмнө нь байсан Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн Хот байгуулалт, судалгааны институт болгосон. Ингэснээр хот төлөвлөлтийн үйл явцыг илүү мэргэжлийн, оновчтой, үр дүнтэй зохион байгуулах боломжтой гэж харж байна. 

Энэ байгууллагын үйл ажиллагааг хөгжүүлэхэд та бүхэн шиг туршлагатай, хотын түүх, төлөвлөлтийг маш сайн мэддэг, мэргэжлийн байгууллагын оролцоо чухал байна. Институтын үйл ажиллагааг Удирдах зөвлөл болон Бодлогын зөвлөлийн гишүүд гарган ажиллахаар болсон. Энэ хүрээнд та бүхнийг Удирдах зөвлөл болон Бодлогын зөвлөлд орж ажиллахыг урьж байна” гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн Гипрогор институтын удирдлагуудад хандан  нийслэлийн хот байгуулалтын салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр дадлагажуулах, туршлага солилцох боломжийг бий болгох зэрэг асуудлыг дэмжиж  өгөхийг хүслээ.

ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн Гипрогор институтын Ерөнхий захирал Елена Станиславовна “Бид үйл ажиллагаагаа орчин үеийн техник дэвшлийн ололт амжилттай уялдуулан улам бүр хөгжүүлэн ажиллахыг эрмэлзэж байгаа. Москва хотын төлөвлөлтийн хувьд иргэд амьдрахад таатай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг цөм асуудлыг үндэс болгон хэрэгжүүлж байна. Аливаа хотын ерөнхий төлөвлөгөө нь эрх зүйн орчин, статистик тоон судалгаа, орон зайн боломж, эдийн засгийн чадавхи гэсэн дөрвөн хүчин зүйлтэй уялддаг. Мөн иргэдийн санал хүсэлтийг цахим хэлбэрээр авч төлөвлөгөөнд тусгах нь чухал. Цаашдаа бид хамтын ажиллагаага өргөжүүлж, бидний зүгээс та бүхэнд мэддэг чаддаг зүйлээрээ туслахад бэлэн байна.

Хамтын ажиллагааны шинэчилсэн санамж бичгийг боловсруулан Москва хотод Улаанбаатарын хот төлөвлөлтийн мэргэжлийн боловсон хүчинг тодорхой хугацаагаар сургаж дадлагажуулах, зураг төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье” гэснээр уулзалт ярилцлага өндөрлөлөө.



Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс