Х.Баттулга: Өнөөдөр та бид хүмүүн төрөлхтөний цаашдын хувь заяанд асар чухал шийдвэрийг гаргах мөчид тулж ирлээ

Б.Баясгалан
10 сарын 23, 2018

Швейцарын холбооны улсын Женев хотноо болж буй Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдрийн чуулган Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтаар эхлэв. Дээд хэмжгээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр но хүргэж байна.

"Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Китуи,

Эрхэмсэг хүндэт Ерөнхийлөгчид өө,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Найз нөхөд өө,

Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцдог тус чуулга уулзалтын 10 жилийн ой тохиож буй үед энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд уригдан оролцож байгаадаа баяртай байна.

Чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газарт баяр хүргэе.

Хатагтай, ноёд оо,

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Дэлхийн хөрөнгө оруулалтын тайланд дурдсанаар хөрөнгө оруулалтын урсгал өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 23 хувь, энэ оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41 хувиар буурсан, мөн хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа цаг үед болж буй нь энэ удаагийн чуулга уулзалтын ач холбогдлыг дээшлүүлж байна.

2030 онд ядуурал, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч зэрэг бүх салбар, чиглэлд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг олон улсын хамтын нийгэмлэг, Та бид өөрсдөө тодорхойлсон. Хөгжлийн зорилтуудыг биелүүлэх эхний 2-3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр багасч, дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах үйл явцыг сөрөх хандлага зарим орнуудад нэмэгдэж буй нь эдгээр зорилтуудын хувь заяаг бид өөрсдийн гараар ангалын ирмэгт түлхэж байгаагаас өөрцгүй байна.

Аж үйлдвэрийн шинэ хувьсгалтай холбоотойгоор хөгжингүй болон хөгжиж буй орнуудын дунд бий болж буй технологийн дэвшлийн ялгаа нь Монгол зэрэг хөгжиж буй, далайд гарцгүй орнуудын хувьд тогтвортой хөгжлийг хангах, “Даян дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-д тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон сорилт болж байгааг онцгойлон дурдахыг хүсч байна. Тиймээс энэ удаагийн чуулга уулзалт, салбар хуралдаануудын хүрээнд манай төлөөлөгчид дэлхий дахин, бүс нутагт тулгарч буй томоохон сорилт, бэрхшээлүүдийг даван туулах шийдлийг хамтран эрэлхийлэх боломж тохиосонд олзуурхаж байна.

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай ноёд оо,

Монгол Улс “Даян дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-д тулгуурлан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг 2016 онд баталсан. Үүнээс хойш баталсан үндэсний хэмжээний болон салбар дундын хөгжлийн  бодлогын баримт бичгүүдийг үзэл баримтлалтай уялдуулан боловсруулж хэрэгжүүлж буй бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн Үндэсний сайн дурын тайланг 2019 онд танилцуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нягт уялдсан нэгдсэн хөрөнгө оруулалтын бодлого боловсруулж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, тэдгээрийн зохион байгуулалт, хөрөнгө оруулах, зарцуулах, үр ашгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын хөгжилд үзүүлэх нөлөө хэмжээлшгүй гэдгийг өөрийн орны туршлагаас дүгнэлт хийж байна. Хөрөнгө оруулалтын бодлого тогтворгүй байсны улмаас 2011, 2012 онд оргил үедээ хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн гашуун туршлагаасаа бид сургамж авч, төр, засгийн бүхий л түвшинд онцгой анхаарал хандуулж, шат дараатай, зорилтот арга хэмжээнүүдийг гадаад болон дотооддоо авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, эрсдлээс сэргийлэх үүрэг бүхий “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” болон “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г байгуулан ажиллаж байна.

Мөн өөрийн улсын ашиг сонирхолыг тэгш хангасан хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг байгуулахад анхаарч, хөрөнгө оруулалтын загвар хэлэлцээрийг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулаад байна.

Хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн хэдэн жилийн байдлаар өсч, өнгөрсөн жил 2.5 дахин өссөн үзүүлэлттэй гарсан. Эдийн засгийн өсөлт ч 5.3 хувьд хүрч, 2018 оны эхний хагаст 6.3 хувь болсон.

Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэг салбаруудад түлхүү татах нь тулгамдсан асуудал хэвээр байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор худалдаа, хөрөнгө оруулалтын түншүүдтэй эрх зүйн орчныг сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг ч авч хэрэгжүүлж байна.

Хөдөө аж ахуйгаас гадна сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар нь манай улсын хувьд эрчимтэй хөгжүүлэхийг зорьж буй салбарууд юм. Монгол Улсын нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх өргөн боломжийг ашиглан Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төсөл хэрэгжүүлэх санаачилгыг Зүүн Хойд Азийн түнш орнууддаа дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр салбарт та бүгдтэй хамтран ажиллаж, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлэх хөрөнгө оруулалт хийхийг энэ индрээс уриалж байна.

Хатагтай ноёд оо,

Өнөөдөр Та бид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг цаашид хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэх, улс орнууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эсвэл улс бүхэн амиа бодохын аль нэгийг сонгох эгзэгтэй, хүмүүн төрөлхтөний цаашдын хувь заяанд асар их чухал шийдвэрийг гаргах мөчид тулж ирээд байна.

Дэлхийн хэмжээгээр ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, боловсролтой, эрүүл иргэдтэй улс орнуудыг бий болгох хамтын зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө бид хүчээ нэгтгэж, урагшлах уу, эсвэл ухрах уу? Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын тогтолцоонд үүсээд байгаа асуудлыг хамтын хүсэл, зориг, эрмэлзлээр шийдвэрлэх үү, эсвэл унагаах уу? гэдгийг шийдвэрлэх заагт хүрэлцэн ирээд байна.

Хөрөнгө оруулалтын үр ашиг, чанарыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах механизмыг боловсронгуй болгох гарцыг санал болгохын зэрэгцээ дэлхий дахинд тогтвортой хөгжлийг хангахад чухал хүчин зүйл болох хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхийн төлөө улс орнууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид хамтран ажиллах эрмэлзэл төгс буйг нотлох нь энэ удаагийн чуулга уулзалтаас гарах  чухал үр дүн болох ёстой.

Миний бие спортоор хичээллэж байсан хүний хувьд биеийн тамир, спортын хувь хүний хөгжил, хүмүүжилд гүйцэтгэх үүргийг өндрөөр үнэлдэг бөгөөд биеийн тамир, спортод оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг чадавхжуулах, эрүүл мэнд, боловсролыг хөгжүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах заалтуудыг хэрэгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байдаг юм. Тиймээс манай улс төдийгүй бүс нутгийг хамарсан спортын төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа энэ дашрамд илэрхийлье.

Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцож буй Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтыг “BBC” агентлагийн хөтлөгч Ниша Пилла хөтлөн явуулж, БНХАУ-ОХУ дунд орших Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар асуулт, хариулт өрнүүлсэн юм. Мөн энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсон төр, засгийн тэргүүн, томоохон корпорацийн удирдагчид хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, дэлхий дахинаа үүссэн хөрөнгө оруулалтын тодорхой бус байдлыг улс орнууд хамтран хэрхэн шийдвэрлэх хүрээнд санал, бодлоо солилцлоо.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.